УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр намын удирдлагуудтай хамтран Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх мэдээллийг сонслоо.
УИХ өнгөрсөн долоо хоногт завсарлаж, гишүүд тойрог тойрогтоо ажиллан, энэ сэдвээр иргэдтэй уулзсан бөгөөд уулзалтын явцыг харахад иргэд Үндсэн хуульд яг ямар өөрчлөлт оруулах тухай мэдээлэл тун багатай байгаа нь харагдсан байна. Тиймээс иргэддээ маш сайн ойлголт өгч байж, ҮХНӨ-ийг хэлэлцэх шаардлагатайг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа онцоллоо.
Үндсэн хуульд
1. Хүний эрхийн хамгаалалтыг сайжруулах,
2. Парламентын чадавх, засаглалыг сайжруулах,
3. Хот хөдөөгийн хөгжлийн ялгааг арилгах,
4. Төрийн сүлд өөрчлөх гэсэн дөрвөн чиглэлээр өөрчлөлт оруулах шаардлага байгаа талаар гишүүд ярьж, иргэдийн саналыг сонсох удирдамжтай явжээ.
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:
- Иргэдтэй хийсэн уулзалт дээр цаазын ялыг халах асуудал ихээхэн маргаантай байсан. Нэг хэсэг нь Үндсэн хуульд цаазын ялыг халах тухай хатуу заалт оруулах шаардлагагүй,одоогийн жишгээрээ явах ёстой гэж үзсэн бол нөгөө хэсэг нь цаазын ял байх ёстой гэсэн. Түүнчлэн төрийн сүлд өөрчлөх чухал бус, төрийн бодлогоо зөв болгож улс орны хөгжил, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх нь хамгийн чухал байгааг онцолсон.
Сонгуулийн тогтолцооны хувьд мажоритар тогтолцоог халахад санал нэгдэж, гол нь парламентын чадавхи хариуцлагыг нэмэгдүүлэх асуудлыг иргэд ярьсан. Төрийн эрхийг нам барьж байгаа учраас намууд хариуцлагатай институт болж төлөвших нь чухал байгааг уулзалтанд оролцсон иргэд хэлж байна. Харин хүн амын дунд хэт төвлөрөл явагдсан энэ үед хил орчмын сумдыг нэгтгэж болохгүй, газар нутаг эзгүйднэ, харин төв сууринтай ойрхон жижиг сумдыг нэгтгэж болох юм гэсэн байр суурийг иргэд илэрхийлсэн гэлээ.
УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат:
- Үндсэн хуулийн үзэл санаагаар бол хүн амьд явах эрхтэй. Ямар ч шалтгаантай байсан төр иргэнийхээ амийг бусниулж болохгүй. Дэлхийн 193 улсын 55-д нь цаазын ял үйлчилж, бусад улс энэ ялыг аль хэдийн халсан. Ер нь Үндсэн хуульд сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөж, урсгалаар хандаж өөрчлөлт оруулж болохгүй.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ:
- Бүлгийн зарим гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр барьцаалж, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ би намын даргын хувьд УИХ-ын даргад биечилж хэлсэн. Ордны хуйвалдаанаар гишүүдийн хоорондын наймаа маягаар ҮХНӨ-ийг шийдэх гэж байгаа бол үүнийг Ардчилсан нам хэзээ ч зөвшөөрөхгүй. Үндсэн хуулийн өөрчлөлт бол тусгаар тогтнолын асуудал. Үүнийг хэрвээ хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхол хангах хэрэгсэл болгох гэж байгаа бол Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ардчилсан нам оролцохгүй, хатуу эсэргүүцэн тэмцэх болно.
Ардчилсан намын тухайд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл албан ёсоор гараагүй байгаа учир урьдчилж байр суурь илэрхийлэх боломжгүй юм. Иймд өнөөдөр зөвхөн мэдээлэл сонсож, санал солилцож байгаа гэдгийг онцоллоо.
Өнөөдрийн өргөтгөсөн хурлаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын 9 гишүүний өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх мэдээллийг сонсох төлөвлөгөөтэй байсан. Гэвч хууль санаачилагч бүлгийн хуралд тодорхойгүй шалтгаанаар ирээгүй, санаачилсан хуулийнхаа танилцуулгыг хийгээгүй тул асуудлыг хойшлуулсан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.