Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон иргэд Баянгол дүүргийн ЗДТГ-ын гадна жагсаал зохион байгуулж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцрохыг дахин шаардлаа.
Өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд Баянгол дүүргийн ИТХ болж, Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах саналыг 41 төлөөлөгчийн 29 нь дэмжжээ. Ингэхдээ МАН-ын 10, АН-ын 18, ХҮН-ын нэг төлөөлөгч нийлээд Засаг даргаа огцруулах шийдвэр гаргасан байна. Хэдийгээр Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах шийдвэр гурван сарын өмнө гаргасан ч тус шийдвэр албажаагүй өнөөдрийг хүрчээ.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Ө.Сумъяабаатар нарын ургийн мод БГД-т цэцэглэж ЗДТГ-т хамаатнуудаа, хамаарал бүхий этгээдүүдээ ажилд авч, өндөр албан тушаалд томилдог. Энэ нь төсвийн мөнгөөр аялж, зугаалдаг, тендер будилаантуулдаг зэргээр хөвөрдөг гэж гэж Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон иргэд хэлж байна.
БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч Н.Болдбаатар:
-Баянгол дүүрэг 200 мянган иргэнтэй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нэг ч хороо иргэдийн нийтийн хурлаа хийгээгүй. Одоо дандаа түр орлогчид хорооны засаг дарга хийж байна. Өмнө нь байсан хорооны засаг дарга нарыг хууль бусаар огцруулсан. Ж.Ганбаатар өөрийн хамаарал бүхий Оргил супермаркетын менежерүүдийг хорооны засаг даргаар тавьж байна.
Баянгол дүүргийн 18-р хороонд хүүхэд лифтнээс унасан харамсалтай хэрэг гарсан. Бид энэ хэрэг дээр хүний амь нас эрсэдсэн гээд чимээгүй байсан. БГД-ийн ИТХ-ын төлөөлөгчид тэр байрны лифтийг засварлана гээд 2021 онд төсөв тавьсан байсан. Харамсалтай нь манай дарга нар тендерийг нь будилуулсаар байгаад нэг ч компанийг шалгаруулаагүй. Дараа нь тэр байрны А орц нь биш Б орц нь байсан гээд хэлээд сууж байдаг.
Монгол улс цар тахал гээд бүхий л боломжоороо төсвөө хэмнэж байхад БГД-ийн засаг дарга нэр бүхий хүмүүсийг Дубай явуулсан.Тэнд ямар ажил хийнэ гэж иргэдийн татварын мөнгөөр хүмүүсийг зугаалуулж байгааг ойлгохгүй байна. Төсвийн мөнгийг хууль бусаар зарцуулж УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын туслах Ш.Мөнгөнтуяаг Баянгол дүүргийн ЗДТГ-т ажилладаг хэмээн хуурамч тушаал гаргаж, Арабын нэгдсэн Эмират Улсад гадаадад томилолтоор ажиллах бүрэлдэхүүнд оруулж, төсвийн мөнгөөр зугаалуулж байсан.
Мөн 69 сая төгрөгөөр чихэр авсан, байгуулагдаад арав хоноогүй компанид тендер өгсөн гээд Засаг дарга Ө.Сумъяабаатар нь төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан олон жишээг дурдаж болно. БГД-ийн засаг дарга ажлаа хийх эрх зүйн чадамжгүй. Одоо Тамгын газрын дарга буюу Ж.Ганбаатарын бэр нь бүх эрх мэдлийг авсан. Хагас сайн өдөр бүр нэгжийн дарга нараа амралт зугаалгад авч явж байна. Дүүргийн засаг дарга Ө.Сумъяабаатар Ж.Ганбаатарын утсан хүүхэлдэй болсон.
Баянгол дүүргийн иргэд:
-Манай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, дүүргийн төлөөлөгчид намын гишүүдтэйгээ уулзаж байгаа болохоос жирийн иргэдтэйгээ уулздаггүй. Зүгээр байгаа замыг хуулаад дахин замаа засахын оронд сургууль, цэцэрлэгээ барихад анхаарахыг хүсэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг халамжаас хасах үзэгдэл их байна. Манай дүүрэг Баянгол биш баянхог гэдэг нэртэй болж байна. Хогондоо дарагдсан үүнд санаа тавьж байгаа нэг ч хүн алга гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.