Ардчилсан намаас өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон орон нутгийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийн талаар мэдээлэл хийлээ. Сонгуулийн явцад иргэний хурууны хээг таниулах төхөөрөмж дээр алдаа гарах, иргэний мэдээлэл, зураг таарахгүй байх тохиолдол гарчээ. Мөн сонгуулийн санал тоолох хар машины ашиглалтын хугацаа дууссан. Цаашид тус машинаар сонгуулийг явуулах боломжгүй учир холбогдох албаныханд шаардлагаа хүргүүлнэ гэлээ.
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал:
- Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын нөхөн болон дахин сонгуульд АН-аас 37 нэгжид нэр дэвшсэнээс 15 нэгжид ялалт байгуулсан байна. Дотоод маргаантай холбоотой асуудлаар 10 гаруй газар нэр дэвшиж чадаагүй. Сонгуулийн явцад иргэний хурууны хээг таниулах төхөөрөмж дээр алдаа гарч, иргэнийг хурууны хээгээ уншуулахад зураг мэдээлэл таарахгүй байх тохиолдол гарсан. Улсын бүртгэлийн газрын мэдээллийн санд байгаа мэдээлэл гажуудалтай байна гэж ажиглагчид үнэлж, актаа үйлдсэн байна. Сонгуультай холбоотойгоор улсын бүртгэлийн талаар гомдлууд их ирж байна. Багахангай дүүрэгт хурууны хээг таниулахад тухайн хүний мэдээлэл зөрүүтэй, гарч ирээгүй.
Сүүлийн үед Улсын бүртгэлийн газрын алдаа дутагдал хэрээс хэтэрч байгаа. Өнгөрсөн өдрүүдэд манай намд нэг хүн гурван регистрийн дугаартай байгаа гэх мэдээлэл ирсэн. Иймд тагнуулын байгууллагад хандах хуулийн зөвлөгөө өгсөн.
Энэ өдрүүдэд УИХ-ын гишүүд хөдөө орон нутагт ажиллаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ард иргэдээс санал авч байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн албан ёсны тогтоол шийдвэргүйгээр ийнхүү явж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Нийгэм, эдийн засгийн байдалд дорвитой өөрчлөлт хийгээгүй байж, тодорхойгүй байдлаар иргэдтэйгээ уулзаж байгаад гайхаж байна.
Сонгуулийн санал тоолох хар машины ашиглалтын хугацаа программ хангамжийн лиценз дууссан. Цаашид энэ машинаар сонгуулийг явуулах нь нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхгүй, бухимдал үүсгэнэ. Бид холбогдох албаныханд шаардлагаа хүргүүлнэ гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.