“Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аян үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж байна. Уг аяныг ЭМЯ, ХЗДХЯ, ЗТХЯ, ЦЕГ, ТЦА хамтран 6 сарын 20-оос 9 сарын 15 хүртэл 3 сарын хугацаанд зохион байгуулна.
Дэлхий дахинд авто осол, түүнээс үүдсэн гэмтлийн улмаас жилд 6 сая орчим хүн амь насаа алдаж, 600 сая хүн хөгжлийн бэршээлтэй болж, 700 тэрбум ам.долларын хохирол учирч байгаа талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлсэн байна.
Манай улсад 2021 оны 12 сарын 31 байдлаар зам тээврийн осолд өртсөний улмаас 15957 иргэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан бол 468 иргэн амь насаа алджээ.
2022 гарсаар зам тээврийн осол 7408 бүртгэгдэж үүнээс 175 нас баралт бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад өссөн үзүүлэлт юм. 100.000 хүн ам дахь зам тээврийн шалтгаант нас баралтын тоогоор ДЭМБ гаргасан тооцооллоор Их Британи, БНСУ, Итали зэрэг улсуудад 3-8 байгаа бол манай улсад 20-22 байгаа нь хөгжингүй орнуудаас 3 дахин их үзүүлэлт юм. Осол ба нас баралтын дийлэнх нь зуны улиралд орон нутгийн замд хурхэтрүүлсэнээс үүсдэг байна.
Өнгөрсөн 7 хоногт Дорнод аймагт томоохон осол болж ЭМЯ, ОБЕГ хамтран нисдэг тэргээр гэмтэл авсан иргэдийг ГССҮТ–д тээвэрлэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн. Зам тээврийн ослын үеийн анхны тусламж, яаралтай тусламж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, авто зам дагуух үйлчилгээний газар, цагдаагийн пост зэрэг газарт холбогдох төрийн байгууллагуудтай хамтран анхны болон яаралтай тусламж үзүүлэх жишиг цэгүүдийг байгуулсан нь тодорхой үр дүн өгч байна.
“Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” үндэсний хэмжээний аяны гол зорилго нь зам тээврийн ослыг гарахаас өмнө сэргийлэх юм.
Зам тээврийн осол, бусад осол гэмтлийг бууруулахад салбар хоорондын хамтын ажиллагаа, түүнчлэн иргэн хүний үүрэг хариуцлага, сонор сэрэмж нэн чухал.
Эрүүл мэнд эрсдвэл, бүх зүйл эрсддэг. Эрүүл иргэн үндэсний баялаг, иргэд та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой аялахыг зөвлөж байна
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.