СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хандив тусламжийн залилан эрс ихэсжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Цахим орчинд хандив тусламж гуйх нэрийдлээр бусдыг залилах гэмт хэрэг ихэссэн талаар Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газраас дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, ахлах дэслэгч Ц.Төгөлдөр:

-Цахим ертөнц хурдацтай хөгжиж байгаа нь давуу тал болох тохиолдол байгаа ч нягталж шалгахгүй, гэнэн байдлаар хэрэглэж байгаа нь хүмүүсийн хувьд сул тал болсоор байна.

Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд залилах гэмт хэргийн хохирогч болсон төрөл бүрийн кейс, мэдээлэл цацагдаж байна. юм.

Монголчууд өнгөрсөн хугацаанд нэгдэж, уран бүтээлчид хандивын тоглолт хийж, олон арван хүмүүст амьдрал бэлэглэж, гадаадын улс орнууд руу эмчилгээнд явуулсан. Гэвч хүний өвчин зовлонгийн хажуугаар худал мэдээлэл нийтэлж, хандив цуглуулах нэрийдлээр залилан хийдэг тохиолдол, гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна.

Жишээ нь:

  • 20 настай Л гэх эмэгтэй 150 удаагийн үйлдлээр хандив тусламжийн залилан хийж цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.
    Тухайн эмэгтэй нь “Зүрхний тосгуур хоорондын цооролтой дүүгээ Солонгост эмчлүүлэх гэж байна” гэсэн постыг гурван өөр нэртэй хуурамч хаягуудаас цахим орчинд байршуулж, 150 удаагийн үйлдлээр таван сая төгрөг залилсан хэрэг гарсан.
  • Мөн иргэн А “Миний хүү бурхан болчихлоо, сайхан сэтгэлт ард түмэн минь оршуулгын зардалд туслаач” гэсэн худал мэдээллийг цахимд оруулж, нэг сарын турш 229 хохирогчоос 115 сая төгрөг залилжээ.
  • Иргэн Э нь урьд өмнө ГССҮТ-ийн түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан хүүхдийн зургийг ашиглан “Миний хүү 80 хувийн түлэгдэлттэй, Турк улс руу яаралтай хагалгаанд явах шаардлагатай байгаа тул сайхан сэтгэлт ард түмнээсээ тусламж хүсэж байна” гэх утгатай зар байрлуулж, 600 удаагийн үйлдлээр 10 гаруй сая төгрөг залилсан хэрэг гарсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Хандив тусламжийн иймэрхүү залиланд иргэд өртөж байгаагаа хянаж шалгадаггүй бөгөөд мөнгөө залилуулсан ч гомдол гаргах нь төдийлөн элбэг биш. Хандив гуйж байгаа өвчтэй гэх хүнийх нь зураг мэдээлэл хуурамч, данс нь хэнийх вэ гэдгийг хэн ч шалгахгүй, сайхан сэтгэлээр гар сунгаж хамгийн багадаа л 300-500 хүн 5-50 мянган төгрөг шилжүүлдэг.

Хуурамч хандивын аяныг шууд шалгах боломжтой хоёр арга бий.

  • Хандив тусламжийн залилангийн хэрэг үйлдэгч нар гадны сайт дээр тавигдаж байсан монгол хүүхэдтэй аль болох төстэй харагдахаар хүүхдүүдийн эмнэлэгт байгаа зургуудыг ашигласан байдаг.
  • Дансны мэдээллийг шалгах хэрэгтэй. Цахим орчинд давлагаалж байгаа хандивын зураг, мэдээллийг ашиглахдаа мөнгө шилжүүлж авах дансыг нь сайтар шалгах хэрэгтэй. Жишээ нь өрх толгойлсон эмэгтэй хүүхдэдээ хандив гуйж байхад Аав Э... гээд данс тавиад 280 сая төгрөгийг 588 хүнээс шилжүүлэн авсан хэрэг одоогоор Цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.

Сайхан сэтгэлийн үзүүрт залилагч байхыг үгүйсгэхгүй тул та хэн нэгэнд буян үйлдэж хандив шилжүүлэхдээ хүртэл нягталж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэн хүргэж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.