Өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт Газрын багц хуулийн төслийг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Д.Мөнхбаатар өргөн мэдүүллээ.
“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын нэгдмэл удирдлага, менежментийн тогтолцоог бэхжүүлж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилтууд туссан бөгөөд Улсын Их Хурлын 2018 оны 54 дүгээр тогтоолоор Иргэний хуулийн суурь зохицуулалт, үзэл баримтлалд нийцүүлэн Газрын тухай болон Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан.
Дээрх тогтоолын хүрээнд Газрын багц хуулийн төслийг боловсруулсан байна. Газрын багц хуульд Газрын ерөнхий хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Кадастрын тухай хууль, Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төслүүд багтсан байна.
Газрын багц хуулийн төсөл батлагдсанаар газрын нэгдсэн төлөвлөлтөөр дамжуулан салбар хоорондын уялдаа хангагдах, зорилтот бүлгийн иргэдэд амины орон сууц, гэр, хашаа барих зориулалтаар тэргүүн ээлжинд газар олгох, иргэн, хуулийн этгээд газраа цахим биржээр нээлттэй арилжаалах, өмчилж авсан газраа иргэн, хуулийн этгээдэд шилжүүлэх, худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах, олон өмчлөгчтэй барилгын доорх газрыг өмчлөгч нарт нь дундын мэдлийн газрын эрхээр олгох, газрын маргаан таслах зөвлөлийг байгуулж газрын маргаан шийдвэрлэх үйл ажиллагааг түргэн, шуурхай болгох боломж бүрдэнэ гэж үзэж байна. Мөн Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх, иргэн, хуулийн этгээдэд нөхөх олговор олгох эрх зүйн орчин бүрдэх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.