Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Идэртэй ярилцлаа.
-Залилах гэмт хэргийн гаралт сүүлийн үед эрс нэмэгдэх болжээ. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар цагдаагийн байгууллага ямар арга хэмжээ авч, хэрэгжүүлж байна вэ?
-Цагдаагийн байгууллагаас 2020, 2021 онуудад “Ятгах тусам нягтал”, “Нягтлах тусам аюулгүй” арга хэмжээг үе шаттай зохион байгуулсан бол энэ оны хувьд 2022 оны зургаадугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай иргэдэд залилах гэмт хэргийн хор уршгийг таниулах, гэмт хэргийн хохирогч болоод байгааг ойлгуулах, хэрхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.
Залилах гэмт хэргийн 87.1 хувь нь санаатай хэлбэрээр, бусдыг төөрөгдөлд оруулж, урьд олж авсан итгэлийг урвуулан ашиглах, хуурч мэхлэн бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлэн авах, биелэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэх, байхгүй зүйлийг байгаа мэтээр төөрөгдүүлж санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байдаг.
Цахим орчинд 2021 онд үйлдэгдсэн хэргийн 1307 буюу 37.7 хувь нь фейсбүүкээр мөнгө зээлэх, бараа худалдан авалт хийх, цахим орчинд харилцаа тогтоон тухайн хүнийхээ илтгэлийг олж мөнгө шилжүүлэх хүсэлт илгээх, бага хүүтэй зээл санал болгож урьдчилгаа шимтгэл авах, олны танил хүмүүс болон байгууллагын нэрийг барьж азтан тодруулах зэргээр залилсан бол 196 буюу 5.6 хувийг иргэдийн эмчилгээний зардал хүссэн хандивыг ашиглаж, 318 буюу 9.1 хувийг байр түрээслүүлэх зэрэг арга хэлбэрээр залилсан байна.
Энэ оны эхний 5 сарын байдлаар залилах гэмт хэргийн 3618 буюу 65.5 хувь нь цахим орчинд үйлдэгдсэний 1233 буюу 34.1 хувь фейсбүүкээр мөнгө зээлэх, бараа худалдан авалт хийх, цахим орчинд харилцаа тогтоон тухайн хүнийхээ илтгэлийг олж мөнгө шилжүүлэх хүсэлт илгээх, бага хүүтэй зээл санал болгож урьдчилгаа шимтгэл авах, олны танил хүмүүс болон байгууллагын нэрийг барьж азтан тодруулах зэргээр, 754 буюу 20.8 хувь нь хандив тусламж авахаар цахим орчинд хандсан иргэдийн фейсбүүк хаягийг ашиглан хуурамч данс нээж залилсан, 110 буюу 3.0 хувь нь байр түрээслэх, 1476 буюу 40.1 хувь нь бараа худалдан авалт, зээл авахаас өмнө шимтгэл төлөх, найз нөхдийн нэртэй хуурамч хаягаас яаралтай мөнгө зээлэх хүсэлтийг явуулж урьдчилан бэлтгэсэн дансанд мөнгийг шилжүүлж авах зэрэг арга хэлбэрээр үйлдэгджээ.
-Сонгинохайрхан дүүргийн тухайд, залилах гэмт хэрэг ихэвчлэн ямар хэлбэрээр үйлдэгдэж байна вэ?
-Манай хэлтэст 2021 онд залилах төрлийн гэмт хэрэг 138, үүнээс цахим орчинд үйлдэгдсэн 83 байгаа нь нийт залилах төрлийн гэмт хэргийн 60.1 хувийг эзэлж, нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 13.1 хувийг залилах төрлийн гэмт хэрэг эзэлж байсан бол 2022 оны эхний зургаадугаар сарын байдлаар залилах төрлийн гэмт хэрэг 138, үүнээс цахим орчинд үйлдэгдсэн 93 байгаа нь нийт залилах төрлийн гэмт хэргийн 67.3 хувийг эзэлж байна. Энэ нь нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 20.2 хувийг эзэлж байгаа нь залилах төрлийн гэмт хэргийн гаралт эрс нэмэгдсэн болохыг харуулж байна.
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хамаарах нутаг дэвсгэрийн дийлэнх хувь нь гэр хороолол байдаг. Энэ онцлогоосоо хамаараад их хэмжээний мөнгөн дүн гэхээсээ илүүтэй жолооны үнэмлэх гаргаж өгнө, ангилал дарна, виза гаргаж өгнө, орон сууц түрээслэнэ, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэх мэт төрлийн залилан зонхилж байна. Түүнчлэн иргэдийн фэйсбүүкрүү хууль бусаар нэвтэрч, найз нөхөд, танилуудаас нь мөнгө авсан хэргүүд бүртгэгдэж байна.
-Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 14 хоногийн хугацаатай аян явуулж байгаа гэсэн. Энэ аяны хүрээнд ямар ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна вэ?
-Мөрдөн байцаах алба, Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтэс нь иргэдэд энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг ойлгуулах, дахин энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирохгүй байхад анхаарч цахим хэлбэрээр мэдээ, мэдээллийг түгээн ажиллаж байна.
Харин Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн хувьд “Өрх бүрт зөвлөе” гэсэн уриатай арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна. Энэ ямар учиртай арга хэмжээ вэ гэхээр бүх айл өрхүүд цахим орчин, фэйсбүүкээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг авч чадахгүй байна. Тиймээс биечилсэн байдлаар хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд байгаа бүх айл өрхөөр орж энэ төрлийн болон бусад төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх яриа зөвлөгөө өгье гэсэн утгатай арга хэмжээ байгаа юм. Энэ арга хэмжээний хүрээнд нийт орох ёстой айл өрхийнхөө тал хувиар нь ороод байна.
Энэ нь иргэд зүгээр нэг уншаад өнгөрөх биш харилцан ярилцаж, мэдэхгүй хууль эрхзүйн зөвлөгөөгөө алба хаагчаас авах гээд давуу талуудтай учир үр дүнтэй гэж үзсэн.
-Залилах гэмт хэргийн хохирогч болсон иргэд хохирлоо бүрэн төлүүлж, хохиролгүй болж чаддаг уу?
-Зарим гэмт хэрэгт хохирлын хэмжээнээс хамаарч эрүүгийн хэрэг үүсгэдэг бол залилах төрлийн гэмт хэрэг ямар нэгэн байдлаар хохирлын хэмжээ шаарддаггүйгээрээ онцлогтой. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах үйлдэл нь ямар нэгэн хохирлын хэмжээ шаарддаггүй, бусдын өмчлөлд байгаа зүйлийг л хууль бус аргаар хуурч мэхлээд авчихсан бол энэ төрлийн гэмт хэрэг болж бүртгэгддэг.
Залилах гэмт хэргийн улмаас 2021 онд 143.9 тэрбум төгрөгийн хохирол учирсны 5.6 тэрбум буюу 3.8 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг байна.
Залилах гэмт хэргээс учирсан хохирол 2016 онд хоёр орчим тэрбум , 2017 онд 6.4 тэрбум, 2018 онд 9.9 тэрбум байсан бол 2021 онд 143.9 тэрбум болж өссөн. Мөн 2021 онд хохирол нөхөн төлүүлэлт 57.3 хувьтай байснаас цахим орчинд үйлдэгдсэн хэргийн хохирол болох 5.6 тэрбум төгрөгөөс 1.2 тэрбум төгрөг буюу 22.9 хувийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн иргэд ихэнхи нь залилж авсан мөнгөө цааш нь зарцуулсан байдаг тул иргэд хаашаа хэнд ямар мөнгө шилжүүлж байгаагаа сайтар нягталж шилжүүлж байхыг анхааруулж байна.
-Залилах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ямар ял шийтгэл оноодог вэ?
-2017 онд шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлгийн 17.3-т зүйлчилж өгсөн байдаг. 6 сараас эхлэн 12 жил хүртэл хорих ялаар шийтгэх санкцтай байдаг.
Залилах гэмт хэрэг үйлдэгчдийн нийгмийн байдлыг судалж үзэхэд 45 орчим хувь нь тусгай дундаас дээш боловсролтой, 60 орчим хувь нь ажилгүй, 50 хувь нь 30-45 насны хүмүүс үйлджээ. Энэ нь ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа залилах гэмт хэргийн нийтлэг дүр зураг бөгөөд ажилгүйдэл энэ төрлийн гэмт хэрэгт нөлөөлж байгааг харуулж байна.
Статистикийн мэдээллээс авч үзвэл залилах гэмт хэрэгт өртөж байгаа хохирогчдын дийлэнх нь 20-50 насны иргэд 50 хувийг эзэлж байгаа юм. Мөн энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа этгээдүүдийн 49 хувь нь эмэгтэй, 51 хувь нь эрэгтэй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.