УИХ-ын өнөөдрийн хуралдааны үдээс хойшхи хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар иргэдэд мэдээлэл хүргүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийг нийт гишүүдийн олонхи дэмжснээр энэ сарын 18-26-ны хооронд УИХ-ын гишүүд тойрогтоо Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах талаар ард иргэдийн саналыг авахаар болов.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай" УИХ-ын тогтоолын төслийн талаарх УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт уншиж танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-Иргэний эвлэлдэн нэгдэх эрхэд Үндсэн хуулиар тавьсан хязгааралтыг арилгах тухай асуудал ороод иржээ. Сонгуулийн холимог тогтлцооны асуудал орж ирэх гэж байгаа юм байна. Гишүүдийн тоотой холбоотой асуудал хөндөгдөх юм байна. Улс төрийн тухай хуулиндаа өөрчлөлт оруулаад, 801-ээс дээш гэдэгт өөрчлөлт оруулах уу? УИХ-ын гишүүдийн хэдэн хувь нь холимог тогтолцоотой байх вэ гэсэн зүйл байна уу? 1/3 нь пропорциональ байх юм уу? Гишүүдийн тоог нэмэх үү? Нэмэх шаардлага байна уу? гээд ерөнхийд нь асууна гэж байгаа юм уу? Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байна.
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:
-Иргэдийн оролцоотойгоор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төсөл оруулж ирнэ гэж ажлын хэсэг байгуулсан. Дөрвөн бүлэг асуудлын хүрээнд. Нэгд, хүний эрхтэй холбоотой асуудлаар. Хүний эрхийг хамгаалах тогтолцоогоо бэхжүүлэх замаар, ард түмний чадавхи, хот хөдөөгийн хөгжлийг сайжруулах, төрийн сүлдийг өөрчлөх шинэчлэх талаар өөрчлөлт оруулж ирж байна. 2019 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөс зарим нь дутуу орхигдсон. Тухайлбал, сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудал орхигдсон. Эрдэмтэд судлаачид өөрчлөх шаардлагатай гэж байнга ярьдаг. Төр үүрэгтэй, ард түмэн эрхтэй гэсэн ойлголтыг бэхжүүлнэ. Парламентын тогтолцоог бэхжүүлье гэж УИХ-д суудалтай улс төрийн намууд байнга ярьж байгаа юм. Энэ байдлаар жагсаал цуглаан зохион байгуулах, улс төрийн намуудын удирдлагууд хурал цуглан хийж асуудлыг хөндөж байгаа юм. Энэ яригдаж буй асуудлаар энэ сарын 18-наас 26-ны хооронд ард иргэдийн санал бодлыг сонсъё гэж байгаа юм. Улс төрийн намууд байгуулах босго 30 мянга гэж хэтэрхий өндөр болсон.
2011 онд УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталсан. Эрх бүхий субъект 76 бий. Ард түмний бүрэн эрх оролцоог хангах бодитой ил тод байх, төсөл санаачлах батлах бүхий л үйл ажиллагаанд иргэдийн оролцоо, болон саналаа илэрхийлэх бүрэн хангахыг заасан. Эрдэмтэн судлаачид, иргэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя гэж шахаж шаардаад байгаа тул бид анхаарал хандуулж, хэлэлцүүлэг хийх гэж байгаа юм. Сонгуулийн холимог тогтолцоо байвал сонгогчдын санал гээгдэхгүй гэж үзсэн судалгаа бий.
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат:
-Иргэдийнхээ санаа бодлыг сонсъё, тандан судалгаа явуулъя гэж байгаа юм. Энэ сэдвээр улс төрийн намууд, иргэд шаардлага тавиад байгаа учраас энэ асуудлыг яах вэ гэж ард иргэдээсээ санал бодлыг нь сонсъё. Ард нийтийн санал асуулга бол биш. Улс төрийн нам байгуулахад нэг хувийн босго гэж байх юм уу гэж асуусан. Одоо хасна хасахгүй, нэмнэ нэмэхгүй гэсэн асуудал байхгүй. Иргэд, сонгогчид дэмжиж байна уу гэж санаа бодлыг нь сонсъё л гэж байгаа юм.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-Монгол Улсын Үндсэн хууль бол бидний эцэг хууль. Энэ хуулинд өөрчлөлт оруулахаар ярьж байгаа асуудал нь сэмхэн, УИХ-ын гишүүдэд ямар нэгэн мэдээлэлгүйгээр, шийдвэр нь гарсан байдлаар өнөөдөр танилцуулагдаж байна гэж ойлгож байна. С.Бямбацогт даргаар ахлуулсан ажлын хэсэг гишүүддээ ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байхаар орж ирсэн байна. Энэ сарын 18-наас 26-нд гээд тавьчихсан байна. Энэ хугацаанд УИХ амрах юм уу, яах юм бэ. УИХ-ын гишүүдтэйгээ ярьж болдоггүй юм уу? Би энэ талаар мэдээлэл анх удаа сонсож байна. Бүлэггүй гэж үзвэл яагаад хувь гишүүдэд нь мэдээлэл өгч болдоггүй юм бэ. Зүгээр л ард иргэдийнхээ санал бодлыг сонсъё гэж жижиг асуудал оруулж ирж байгаа юм шиг асуудалд хандмааргүй байна. Бидэнд тойрог дээрээ очоод иргэдэд өгөх мэдээлэл алга. 4 өөрчлөлтийн хүрээнд гэсэн, би ойлгохгүй байна. Цаана нь гишүүдийн тоог нэмэх зэрэг асуудлууд байгаа шүү дээ. Санал хураалтад иргэдээ бид юу гэж уриалж оролцуулах юм бэ. Энэ асуудал цаг нь мөн үү?
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:
-Бүгдийг нь сайн мэдэж байгаа байх аа. Жил гаруй л ард иргэдийн гарын үсэг зуруулаад, хурал цуглаан хийгээд яваад байх шиг байна лээ. Цэцэд хандаад хаваржингаа, өвөлжингөө юм боллоо. УИХ дээр өнгөрсөн долоо хоногт яригдаад, ажлын хэсэг байгуулаад, ард түмэндээ сонсгоё, тэдний санал бодлыг сонсъё гэж асуудал бэлтгээд оруулаад ажлын хэсэг ахлаад ажилла гэсэн. Ард түмнийг төлөөлөх парламентын чадавхийг нэмэгдүүлье, 21 аймгаа хот болгох уу, сумын засаг даргыг Сумын иргэдийн хурлаас сонгож байгаа нь буруу юм байна гэх зэрэг асуудлаар иргэдээс саналыг нь сонсъё гэсэн. Дэмжиж байвал цаашид хэлэлцүүлэг хийгдэх байх. Төрийн байгуулалтын байнгын хороон дээр өчигдөр яригдсан, одоо УИХ-д орж ирж байна. Сэмхэн хийгдэж буй юм байхгүй. Хэрвээ тогтоол дэмжигдээд, УИХ-аар батлагдвал УИХ-ын тамгын газар гарын авлага бэлдэж өгөх юм билээ. Түүнийг тойрогтоо барьж очоод ард иргэдээрээ хэлэлцүүлээд, дараа нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал яригдах юм билээ.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
-Биднийг долоон хоног явуулах бололтой. Мэдэж байгаа ч юм алга. Ард түмний саналыг яах юм бэ. Гарыг нь өргүүлэх юм уу, тоолох юм уу? Хуучин "Шилний цаанаас чихэр долоолгоно" гэдэг шиг бэлдсэн хүмүүс үг хэлдэг, орой нь түүнийг Үндэсний олон нийтийн радио, телевизээр гаргадаг. Ингээд ард түмэн дэмжиж байна гэдэг.
Олон намын системүүдийг оруулж ирье, бүгдээрээ ярилцъя бүлээн усаар угаая гээд байгаа юм шиг байна. Гучин жил УИХ-д сууна гэж хэлэлцүүлгийн явцад горьдлого тээсэн хүмүүсийн "дэмжлэг" авч байгааг мэдэж байна. Нөхцөл байдлыг маш тодорхой болгож байж явахгүй бол одоогийн олон намын системийг дэмжихгүй, бүр олон намын системийг дэмжинэ гэж байгаа талаар тодорхой хариулт авъя.
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат:
-Асуулт, хариулт дууссан. Үгэн дээр асуучихлаа. Ард нийтийн санал асуулга биш, иргэдийнхээ төлөөлөлтэй уулзаад, саналыг нь сонсоно гэсэн үг. Маргааш танай бүлгийн завсарлагааны хугацаа дуусах тул УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Танай бүлэг л хоорондоо учраа ололцохгүй өнөөдрийг хүрсэн. Гурван удаа даргын зөвлөлийн хуралдаанаар ороод, олонхийн дэмжлэг аваагүй. Хугацаа дууссан тул маргааш асуудлыг хэлэлцэнэ гэлээ
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлж дууслаа. Байнгын хорооны саналаар УИХ-ын тогтоолын төслийг баталъя гэсэн саналын томъёоллоор санал хурааж, 74.4 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдлаа.
Тогтоолын төслийг нийт гишүүдийн олонхи дэмжснээр энэ сарын 18-26-ны хооронд УИХ-ын гишүүд тойрогтоо Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах талаар ард иргэдийн саналыг авахаар болов.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.