Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 13-ны өдрийн байдлаар Хэрлэн голын эх, Орхон голын адгаар, Хэнтий нуруунаас усжих Ерөө, Балж, Хурх, Барх, Эг, Хангай нуруунаас эхтэй Идэр, Улиастай, Чулуут зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдсэн байна.
Харин Ховд, Онон, Улз, Хэрлэн гол Багануур дүүрэг, Хонгон, Мөнгөнморьт сумдын орчмоор үерийн түвшинг 5-55 см давж, Балж гол Дадал сум орчмоор үерийн аюултай түвшинг 33 см даван үерлэж байна.
14-нд Хэрлэн голын дунд хэсгээр 10-50 см, Ерөө, Чулуут зэрэг голуудын усны түвшин 10-30 см нэмэгдэх төлөвтэй байна.
Мөн ойрын өдрүүдэд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно.
Иймээс хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж, аялж, зугаалж байгаа иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.