УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрийн болон орон нутгийн компанийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: - Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын ТУЗ-д яамны газрын дарга болон захиргааны албан тушаалтан хэдэн хүн байгаа вэ. Бүгд л ажлынхаа хажуугаар ямар нэгэн ТУЗ-д байгаа. Хамгийн завгүй, төрийн төлөө зүтгэх ёстой хүмүүс ТУЗ-д орчихсон байдаг. Энэ тоо байна уу.ТУЗ-д төрийг төлөөлж байгаа хүмүүс хэдэн төгрөгийн цалин, урамшуулал авдаг вэ.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл: -“Эрдэнэс Монгол” нэгдлийн 200 орчим ТУЗ-ийн гишүүнийг 27 хүртэл бууруулж байгаа. 2021 оны хоёрдугаар сарын 16-ны байдлаар нийт 67 компанийн 55 төлөөлөл удирдах зөвлөл үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр ТУЗ-д нийт 494 гишүүн ажиллаж байгаагаас хараат бус 144 гишүүн, төрийн төлөөллийг хэрэгжүүлж байгаа 350 гишүүн байна.
Одоогийн хуулиар ТУЗ-ийн есөн гишүүний гурав нь хараат бус. Харин энэ хууль хэрэгжиж эхэлснээр гурав хүртэл гишүүн төрийн төлөөлөл, зургаа нь хараат бус гишүүн байх юм. Тэднийг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилсноор маш том өөрчлөлт гарна гэж харж байгаа.
Эрчим хүчний яамнаас 113
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 75
Зам, тээврийн хөгжлийн яамнаас 30,
Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 19,
Сангийн яамнаас 28,
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 11,
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 11,
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 3,
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 1 хүн төрийн болон орон нутгийн өмчит компанийн ТУЗ-д байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй. Энэ хуулиас УИХ-ын бүрэн эрхийг авчихсан юм байна лээ. Хуучин УИХ өмчийн харилцааны зохицуулалтыг хийх үүрэгтэй байсан. Сүүлийн үед орж ирж буй хуульд УИХ-ын бүрэн эрхийг хасч орж ирж байна. Энэ хуулиар цаашдаа явбал төрийн өмчийн компаниуд хүнд байдалд орно. Төрийн өмчийн компаниуд цөөнх нь болчхож байна. Шударга зармчаар сонгон шалгаруулалт явуулна гэнэ. Шударга болж “яг харагдаач”. Банкуудаа, ЖДҮ-ээ дуусгаад одоо төрийн өмчийн компаниудаа дуусгах хууль орж байгаа юм байна. Сонгон шалгаруулалт нэртэй баахан танил нөхдөө шахна. Эрчим хүчний салбарт хэлэхэд нарийн технологитой. 2018 онд осол гарч Монгол нэг өдөр харанхуй байсан. Төрийн өмчийн хороо тэр үедээ удирддаг байсан. Төрийн өмчийн хорооноос ард түмэн хариуцлага нэхээгүй, сайдаас нэхэж байгаа байхгүй юу. Энэ хуулийг хэлэлцэх явцад Төрийн өмчийн газар байх ёстой юу гэдэг асуудлыг ярих ёстой. Ийм хуулийг гаргачихгүй байх.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Сүүлийн 10 жилийн байдлаар ДНБ 12-13 тэрбум ам.долларт хэлбэлзэж байна. Эдийн засаг тэлсэнгүй. Нэг иргэнд ногдох ДНБ ойролцоогоор 4200 ам.доллароос буурдаг өсдөг байдалдаа байна. Гурван хүний нэг нь ядуу. Арван жилийн өмнө 850 мянган хүн ядуу байсан бол өнөөдөр нэг сая 50 мянган хүн ядуу болсон. Хүн ам өсөх хэрээр ядуу иргэдийн тоо нэмэгдэж байна. Үүнд нөлөөлж буй хэдэн шалтгаан бий. Эдийн засаг гурвалсан хямралд өртсөн. Энэ оны эхний байдлаар эдийн засаг 3.8 хувиар агшсан. Энэ муу үзүүлэлт. Дэлхийд эдийн засгаараа хамгийн их агшсан улс болж магадгүй. Дампуурал зарласан Шри-Ланкийн дараа орж байна. Энэ юуг илэрхийлж байна гэвэл эрх баригчид иргэн бүрийн халаас руу дайрч орж байна. Инфялцаар хулгайлж байна гэсэн үг. Төсвөөс 2.5 дахин их гадаад өртэй. Энэ зүйлд нөлөөлж буй гол хүчин зүйл бол төрийн болон орон нутгийн өмчит компаниуд юм. АН, МАН адилхан цүнх баригч нараа аваачиж удирдлагаар нь тавьж ТУЗ-ийг бүрдүүлээд идэж уудаг.
УИХ-ын гишүүн Г.Ганболд:
-Эрдэнэс Монгол компанийн 207 ТУЗ-ийн гишүүнийг чөлөөлж 27 болголоо гэдэг. Үүнд холбогдох газрууд ямар ч хариу тайлбар өгөхгүй юм. Нийгэмд мэдээлэл өгөөч ээ. Хуульд учир дутагдалтай асар их байна. Компанийн тухай мэдлэггүй хүн энэ хуулийг боловсруулсан юм болов уу. Саяхан УИХ-аар 20-д компанийг хувьчлах шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл 34 хувийг нь нээлттэй хувьчлах шийдвэр гаргасан. Араас нь ийм хууль орж ирж байгаа нь буруу. Нийт ТУЗ-ийн гишүүдийн 30 хувь нь төрийн төлөөлөл, бусад нь нээлттэй сонгон шалгаруулалтаар гэвэл орон нутгийн Тавантолгой шиг төр 51 хувийг эзэмшдэг. Тэгсэн хэрнээ гүйцэтгэх удирдлагаа төр тавьж өгч чадаагүй. Төрийн өмчит хувьчилж буй компаниудаа цаашдаа хувийнханд алдах эхлэл. Энэ хуульд хоёр компанийн ТУЗ-ийг тус тусад нь өөр заалтаар оруулж ирэх ёстой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.