Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дугуйн спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн /ААШТ/-д амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдыг хүлээн авч, баяр хүргэлээ. Уулзалтад Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Н.Болдхүү, “Атилла” багийн дасгалжуулагч, ОУХМ Я.Баатар болон тэмцээнд амжилттай оролцсон зургаан тамирчин оролцов.
Дугуйн спортын ААШТ нь 2022 оны гуравдугаар сард Тажикстаны нийслэл Душанбе хотноо болсон. Тус тэмцээнд Ази тивийн 20 орчим орны тамирчид оролцон багийн гараа, цуваа гараа, бөөн гарааны төрөлд өрсөлджээ. Монгол Улсаас дасгалжуулагч Я.Баатараар ахлуулсан долоон тамирчин өрсөлдөн долоон медаль хүртэж, багаараа мөнгөн медаль авсан юм. 1974 онд Иран Улсад болсон ААШТ-ээс Монгол Улс дугуйн спортын төрөлд анх удаа дөрвөн хүрэл медаль хүртэж байв. Түүнээс хойш тус тэмцээнд оролцсон тамирчид 1-2 медалийн амжилттай ирдэг байсан бол ийнхүү 48 жилийн дараа медалийн хур буулгасан амжилт үзүүлжээ.
Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Н.Болдхүү:
-Баг, тамирчид маань энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцож, 50 орчим жилийн дараа ийнхүү медалийн хур буулгасан нь Монголд дугуйн спорт хөгжих суурь хэр тавигдаж байгааг илтгэж байна. Бид 2020 онд дугуйн спортын чансаагаар дэлхийн 201 орноос 43 дугаарт жагсаж байсан бол 2022 оны байдлаар 34 дүгээрт эрэмбэлэгдэж байгаа. Харин Ази тивийн 68 орноос чансаагаараа гуравдугаарт бичигдэж байна. Цаашид нийслэлийн удирдлагуудтай хамтран олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж, дугуйн замуудыг нэмж байгуулах хүсэлтэй байна. Мөн Улаанбаатар хотын нэр дээр баг байгуулах бодолтой байгаа. Дэлхийн улс бүр өөрийн хотын нэртэй багтай байдаг. Тиймээс бид “Улаанбаатар” багийг байгуулж, хотынхоо нэрийг илүү гаргахыг зорьж байна” хэмээн Хотын даргад хэллээ.
Хотын дарга хэд хэдэн байршлуудад дугуйн бэлтгэл хийх талбайтай болох, Улаанбаатар хотын баг байгуулахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд шаардлагатай судалгаа, тооцооллоо хийж, албан ёсоор саналаа оруулахыг хүслээ.
Тэмцээнд амжилттай оролцсон зарим тамирчны сэтгэгдлийг хүргэж байна.
“Алдар” спорт хороо, Малайзын Теренгану багийн легионер тамирчин, ОУХМ С.Жамбалжамц:
-Миний хувьд гурван настайгаасаа эхлэн дугуй унасан. Дунд ангидаа Биеийн тамир, спортын дунд сургуулийн дугуйн спортын ангид элсэн орж, түүнээс хойш мэргэжлийн тамирчин болохоор шийдсэн. 2011 онд “The Tour of Thailand” мэргэжлийн олон өдрийн уралдаанд оролцож, аварга авч байлаа. Одоогоор Ази тивд чансаагаараа хоёрдугаарт бичигдэж байгаа. Энэ удаагийн ААШТ-ээс бөөн гараанаас хүрэл медаль, багийн гараанаас мөнгөн медаль хүртлээ.
“Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Ц.Солонго:
-Энэ жилийн ААШТ-нд цуваа гарааны төрөлд өрсөлдөж, хүрэл медаль хүртсэн. Дугуйн спортоор хичээллээд 17 жил болж байна. Бид бэлтгэл сургуулилалтаа ихэвчлэн хөдөө, орон нутгийн замд хийдэг. Энэ спортоор хичээллэснээр хүмүүжил, төлөвшилтэй болохоос гадна зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах гэхчлэн эрүүл мэндийн тал дээр маш сайн нөлөө үзүүлдэг. Тиймээс залуучууд дугуйн спортыг сонирхож, хичээллээсэй гэж боддог.
Дугуйн спортын ОУХМ Б.Марал-Эрдэнэ:
-Энэ жил тамирчид маань бэлтгэлээ сайтар базаасан тул ийм хэмжээний амжилт үзүүлсэн гэж бодож байгаа. Тажикстан Улсын хувьд манай оронтой адил эрс тэс уур амьсгалтай. Тиймээс бусад орны тамирчдаас илүү давуу тал бидэнд байсан. Азийн дугуйн спортод Казакстан Улсын тамирчид толгой цохидог. Энэ удаагийн тэмцээнд тус улсын тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, хүчтэй өрсөлдөгч болж чадлаа гэв.
Тэмцээнд манай улсаас өрсөлдсөн тамирчдын хамгийн ахмад нь +50 насны ангилалд оролцсон 53 настай Г.Жаргалсайхан байсан бол хамгийн отгон тамирчин 81 дүгээр сургуулийн сурагч, 18 настай А.Даваажаргал байсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.