СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-06-09

С.Энхболд: Тархины саажилттай хүүхдүүдийн эмийг төр даана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Тархины саажилттай хүүхдийн асран хамгаалагч нар зургаадугаар сарын 6-ны өдрөөс хойш Эрүүл мэндийн яам болон Төрийн ордны гадна жагсаж буй билээ. Унаж татдаг хүүхдүүдийн асран хамгаалагч нарын хувьд ийнхүү жагсах болсон нь эм тасарсан, хангамж нь муу, төрөөс тавьдаг анхаарал сул, мөн гадаадад эмчлүүлэх хүсэлтэй зэрэг хэд хэдэн шалтгаантай юм. 

Тэдний зүгээс тавьж буй шаардлагаа эхний ээлжинд Эрүүл мэндийн яам, түүний удирдлагад тавьсан. Харин өнөөдөр Ерөнхий сайдтай уулзах шаардлагыг хүргүүлсэн бөгөөд Засгийн газрын тэргүүн зарим үүрэг даалгаврыг салбарын сайд нарт өгсөн билээ.

Эцэг эхчүүд:

-Монголд эмчлүүлэх боломжгүй өвчтэй, гадаад оронд яаралтай эмчлүүлэх шаардлагатай байгаа хүүхдүүдийн эмчилгээний зардлыг төр хариуцах, ийм эмчилгээ, мэс заслыг Монголд хийх боломжоор хангаж өгөх, тархины саажилт, уналт таталт, тархины бусад төрлийн эмгэг өвчтэй хүүхдүүдийн эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэнд олгох тэтгэмжийг нэмэгдүүлэх, орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах боломжоор хангах, нэн түрүүнд манай улсад тасалдаад буй эм тариаг яаралтай татаж авчруулах асуудалд Засгийн газар анхаарч өгөх хэрэгтэй байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн Эрүүл мэндийн бүтэн биеийн үзлэгийг жилд нэг удаа тогтмол хийдэг болох зохицуулалтыг бий болгоно. Тархины саа болон тархины эмгэгийн оношилгоог шинэ шатанд гаргах цаг болсон. Хүүхдүүдийн хэрэглэдэг эм нь хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтсан бөгөөд цаашдаа 100 хувь төрөөс  даадаг болох зохицуулалтыг хийж ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллах болно. Тархины саа өвчтэй хүүхдүүдэд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Хүүхдийн Зөвлөх Поликлиникийн Мэдрэлийн эмгэг судлалын кабинет 3-6 сарын хугацаатай хяналт тавьдаг. Ингэж үзлэг хийхдээ хүүхдүүдэд эмийн болон эмийн бус эмчилгээний шийдвэр гаргадаг. Үүнийг илүү хүндрэл чирэгдэлгүй болгох, шаардлагатай үед нарийн мэргэжлийн эмч дараалал харгалзахгүй үзлэг хийдэг болох зохицуулалтыг хийж байна.

ЭХЭМҮТ:

-Эрүүл мэндийн сайд С.Энхболдын өгсөн чиглэлийн дагуу Хүүхдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаар хандаж үйлчлүүлэхэд нь шуурхай хүлээн авч хугацаа алдахгүй үйлчлэх болно. Тархины саа  тархины бусад төрлийн эмгэг  өвчтэй хүүхдүүдийн хэвтэн эмчлүүлдэг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн мэдрэлийн эмгэг судлалын тасагт мэдрэлийн хурц болон архаг 46 төрлийн өвчинд эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа. Одоо нийт 40 ортой 9 өрөөтэй 1 өрөөнд 5-6 хүүхэд үйлчлүүлж байна. Нийт 7 эмч, 6 сувилагч ажиллаж байна. Уг тасагт 2021 онд ЭМЯ-ны санхүүжилтээр бүрэн засвар хийгдсэн. Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэх тал дээр яамтайгаа хамтран ажиллах болно.

Ташрамд дурдахад ЭМЯ-наас өгч буй мэдээллээр тархины саажилттай хүүхдүүдийн тусламж үйлчлгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үйлчлэх зорилго бүхий төрөлжсөн эмнэлэг байгуулан ажиллах асуудлаар ХНХЯ сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар арга хэмжээ авч, зохих шийдвэрүүдийг гаргахаар ажиллаж эхэлсэн байна.

Ингэснээр зөвхөн тархины саажилттай гэхгүй бүх төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах, нөхөн сэргээх тусламж үйлчилгээнээс гадна эмнэлгийн бүх төрлийн тусламж үйлчилгээг нэг дор цогц хэлбэрээр авах боломжийг бүрдүүлэх юм байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.