Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг долоодугаар сарын 10-13-нд орон даяар нэгэн зэрэг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Энэ жил бүх аймаг долдугаар сарын 10-13-нд баяр наадмаа тэмдэглэнэ. Харин хурдан морины бүсийн уралдааныг ирэх сарын 29-30-нд зохион байгуулахаар товложээ. Гэхдээ тэгш нь ой нь тохиож буй Өвөрхангай, Баянхонгор, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь аймаг баяр наадмаа хурдан морины бүсийн уралдаантай нэгтгэж эсхүл ирэх сарын 22-24, 30-нд тэгш ойгоо тэмдэглэж болно гэж Шадар сайд С.Амарсайхан хэллээ.
Энэ жил Тулгар төр байгуулагдсаны 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 111, Ардын хувьсгалын 101 жилийн ой тохиож байгаа юм. Энэ хүрээнд Соёлын яамнаас ойрын хугацаанд Үндэсний их баяр наадмын хуваарийг олон нийтэд танилцуулах юм байна.
Үндэсний баяр наадмын нээлт, хаалтын ёслол Төв цэнгэлдэх хүрээлэнд, “Улаанбаатарын үдэш” тоглолт Хүй долоон худагт, Төрийн их ёслол, хүндэтгэлийн тоглолт Сүхбаатарын талбайд болохоор болжээ. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад зориулж Улаанбаатар хотын төсөвт 2.3 тэрбум төгрөг тусгажээ. Түүнчлэн энэ жил дүүргүүд боломжтой бүх гудамж, талбайд нийтлэг үйлчилгээг бий болгохоор төлөвлөжээ. Наадмын нээлтийн тасалбарыг цахимаар олгоно. Морь, сур, бөх бэлтгэлдээ орсон. Баяр наадмын тухай хуулийг шинэчлэн батлах тухай асуудал УИХ-аар хэлэлцэгдэж байна. Ойрын өдрүүдэд батлагдана. Уяачид, наадамчдын санал бодол зарим зүйл дээр зөрүүтэй байдаг. Үндэсний өв соёл бахархал болсон наадмаа ямар нэг маргаангүйгээр хийх ёстой. Тиймээс хаа хаанаа анхаарч, хүлээцтэй хандаж, ойлголцож ажиллана гэж найдаж байна. Шинэ хууль батлагдахаар баяр наадмаар бөхийн зохицуулалтын шинэ хувилбарууд орж ирнэ гэж шадар сайд нэмж хэлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.