Цагдаагийн байгууллагаас махны асуудалтай холбоотойгоор зарим ААН-үүдэд шалгалт хийсэн асуудлаар мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү:
- Хүнсний аюулгүй байдал дэглэм сахиулах асуудлыг Зөрчлийн хуульд заасны дагуу МХЕГ эрх мэдлийнхээ хүрээнд Зөрчлийн хэрэг нээгээд энэ асуудлыг шалгасан. Үүний дараа шинжээчийн дүгнэлтээр гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байна гээд МХЕГ-аас нийслэлийн прокурорт шилжүүлсэн. Ингээд уг хэрэгт хэрэг бүртгэлийн хэрэг нээж, ЭЦА хэргийг шалгаж байна. Ингээд хэргийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагааг өчигдрөөс эхлэн явуулсан. "Эм Ди Си Пи" компани нь БНХАУ-ын иргэний өмчлөлд байдаг. Энэ компани БНХАУ руу мах экспортлох зөвшөөрөлгүй. Компанийн агуулахад дулааны аргаар боловсруулсан болоод боловсруулаагүй хонь ямааны нийт 234.8 тонн мах байсан. Дулааны аргаар мах боловсруулдаг "ХКҮ" компанийн хаяг шошготой 4842 хайрцаг 96 тонн мах илэрсэн. Хаяг шошгогүй 92 тонн ямааны мах байсан. Үүнийг МХЕГ зөрчлийн хэрэг нээж шалгахдаа тухайн махнуудыг битүүмжилсэн. Цагдаагийн байгууллагаас битүүмжилсэн агуулахын лацыг авч бүртгээд, ахин битүүмжилсэн. Лац ломбо хөдлөөгүй байсан. Мах экспортлох зөвшөөрөлгүй компанийн агуулахад "ХКҮ" компанийн хаяг шошготой 4842 хайрцаг мах байсан учраас тус компанийг шалгах шаардлагатай болсон. Тийм учраас өчигдөр таван газар буюу "Эм Ди Си Пи" компанийн з ахирлын оффис, гэр, "ХКҮ" компанийн оффисыг нэгжсэн. Үндэсний үйлдвэрлэл рүүгээ дайрч байна, энэ асуудал улс төрийн захиалга гэж олон нийтийн сүлжээнд гарч байгаа нь учир дутагдалтай. Тухайн "ХКҮ" компанийн байр нь “Мах импекс” компанийн хашаан дотор байдаг учир бид дотогшоо нэвтэрсэн. Харин "Мах импекс" компанийг шалгаагүй. Мах экспортлох зөвшөөрөлгүй компани дулааны аргаар мах боловсруулсан асуудлыг нарийн шалгаж тогтооно гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.