Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хорт хавдрын өвчлөл, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсов.
ДЭМБ-ын харьяа Хорт хавдрын судалгааны агентлагийн 185 орныг хамруулсан 2020 оны статистик мэдээгээр жилд 19.2 сая хүн хорт хавдраар өвдөж, үүний улмаас 9.9 сая хүн нас баржээ.
Сүүлийн хоёр жилд манай улсад хорт хавдрын өвчлөл 2020 онд 6702, 2021 онд 5981 бүртгэгдсэн бөгөөд зонхилон тохиолдох хорт хавдрын өвчлөлийн бүтцэд элэгний хорт хавдар 32.7 хувь, ходоодны хорт хавдар 16.1 хувь, уушиг, гуурсан хоолойн хорт хавдар 7.5 хувь, улаан хоолойн хорт хавдар 5.7 хувь, умайн хүзүүний хорт хавдар 5.2 хувийг эзэлсэн байна.
Хорт хавдрын өвчлөлөөр элэгний хорт хавдар нэгдүгээрт, ходоодны хорт хавдар хоёрдугаарт орж байгаа бол хорт хавдрын шалтгаант нас баралтаар нэгдүгээрт элэг орж, ходоодны хорт хавдар, улаан хоолойн хорт хавдар удаалж байна.
Дэлхийн улс орнуудад хорт хавдрын өвчлөл улам бүр ихсэх төлөвтэй байгаа боловч нас баралтын түвшин улс орон бүрийн авч буй арга хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байгаа юм байна. ДЭМБ-аас 2040 он гэхэд манай улсад хорт хавдрын өвчлөлийн шинэ тохиолдол 11,647-д хүрч, хорт хавдрын шалтгаант нас баралт 8767 болж өснө хэмээн тооцон таамаглажээ.
Хавдраас шалтгаалсан нас баралт 1990 оноос хойш нас баралтын хоёр дахь шалтгаан болсоор байгаа бөгөөд 56.1 хувь нь эрэгтэйчүүд, насны хувьд 40-өөс дээш насныхан 94.9 хувийг эзэлж байна.
Жилд шинээр оношлогдож буй хорт хавдрын 72,4 хувь нь хожуу буюу 3-4 дэх үе шат буюу төгс эмчлэгдэх боломж багассан үедээ оношлогдож байгаагаас нас баралтын түвшин өндөр байна.
2021 оны байдлаар 0-19 насны 115 хүүхэд хорт хавдраар өвчилсөн бөгөөд 55 хүүхэд нас баржээ. 2021 оны жилийн эцсийн байдлаар 24,141 хүн хорт хавдрын улмаас аймаг, дүүргийн хавдар судлаач эмчийн хяналтад байгаагийн 456 нь хүүхдүүд байна.
ДЭМБ-аас хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийг амжилттай хэрэгжүүлсэнээр хорт хавдрын шалтгаант нас баралтыг 35-60 хувь бууруулах боломжтой хэмээн зөвлөжээ.
Эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдож байгаа хорт хавдрын өвчлөл болох умайн хүзүү, хөхний хавдрын чиглэлээр 2012 оноос эхлэн хүн амд суурилсан умайн хүзүү, хөхний хорт хавдрын эрт илрүүлэг (скрининг)-ийг Монголын мянганы хөгжлийн сангийн санхүүжилтээр эхлүүлэн өнөөг хүртэл жил бүр зорилтот насны бүлгийн (30-60 нас) эмэгтэйчүүдийг гурван жилийн давтамжтайгаар хамруулдаг.
Эрүүл мэндийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Журам батлах тухай” А/139 дүгээр тушаалаар гаргасан журмын дагуу “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-г орон даяар 2022 оны 5 дугаар сарын 1-ны өдрөөс эхлүүлээд байна. Энэ үзлэгээр улаан хоолой, ходоод, элэг, уушги, бүдүүн шулуун гэдэс, хөх, умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх боломжтой хэмээн сайд хэллээ.
2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд улсын хэмжээнд 98,846 хүн хамрагдсанаас 56.1 хувь нь Улаанбаатар хотод, 43.9 хувь нь орон нутагт хамрагдсан байна
Цаашид хорт хавдраас сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж батлуулах, Хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн үндэсний сүлжээг Монгол улсын эрүүл мэндийн байгууллагыг түшиглэн бий болгож үр дүнтэй, зөв зохион байгуулагдсан тогтвортой хяналтын тогтолцоог “Хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн нэгж”-д ажиллах эмч, мэргэжилтнүүдийн мэргэшүүлэх сургалтыг тасралтгүй зохион байгуулах шаардлагатай байна гэв.
Мөн хавдрын эмчилгээний төвлөрлийг бууруулах, орон нутагт хийх чадамжийг сайжруулах цогц арга хэмжээ төлөвлөх, хүний нөөцийг чадавхжуулах, багаар тасралтгүй сургах үйл ажиллагааг дэмжих, хорт хавдрын оношилгоонд хэрэглэдэг молекул, генетикийн оношилгооны лабораторийн үйл ажиллагааг өргөжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, хавдрын мэс засал эмчилгээг эрхтэн хадгалах (минималь инвазив), дурангаар хийх чиглэлд хөгжүүлэх, шаардлагатай багаж хэрэгслийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлага бий болоод байгаа гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хятадаас оруулж ирдэг хүнсний бүтээгдэхүүн,Монголд хүнсний зориулалтаар ажиллаж бгаа хятад үйлдвэрүүдийг бүгдийг хаа.