Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хорооны хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан болон Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул нар танилуулга, мэдээлэл өглөө. Мэдээллийн дараа түр хорооны гишүүд тус банкны зээлтэй холбогдуулан асуулт асууж байр сууриар илэрхийллээ.
Сангийн сайд Б.Жавхлан:
Хөгжлийн банкны чанаргүй зээлийг гурван хэсэгт багцалж байгаа. Нэгдүгээр төрийн өмчит үйлдвэрийн газруудын 563 тэрбум төгрөгийн өр, хоёрт “Кю Эс Си”, Хөтөл гээд хоорондоо хамаарал бүхий этгээдүүдийн 495 төгрөгийн өр, эцэст нь хувийн аж ахуйн нэгжүүдийн 700 гаруй тэрбум төгрөгийн зээл буюу нийт 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээл байгаа.
Нийт чанаргүй дээр дээр 1.3 их наяд төгрөгийн зээлийн болзошгүй алдагдлын сан байгуулахаар Монгол Банкнаас 2020 онд шалгалт ороод акт тавьсан байдаг. Ингээд энэ оны нэгдүгээр сараас хойш Засгийн газар Хөгжлийн Банкны чанаргүй зээлийг төлүүлэх ажлыг эхлүүлсэн.Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны 243 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгджээ.
Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн Банканд үүссэн төрийн өмчийн үйлдвэрийн газруудын өрийг хэрхэн төлүүлэх талаар ярилцсан. Ингэхдээ Засгийн газраас гаргасан хувилбар болон Хөгжлийн Банкнаас гаргасан хувилбарыг нэгтгээд арга хэмжээ авах чиглэлээ тодорхой болгосон. Тэгэхгүй бол Засгийн газар үүргээ хүлээх үү, Хөгжлийн банкийг дампууруулах уу гэдэг салаа замын сонголт дээр ирээд байгаа юм.
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын чанаргүй зээл нь 2014, 2015 онуудад үүссэн байдаг. Ялангуяа ТОСК, НОСК-тай холбоотой их хэмжээний зээл гарсан. Анх энэ зээл арилжааны зорилготой гарсан. Гэтэл Хөгжлийн Банкнаас хөрөнгө оруулалт хийгээд орон сууц баригдсаны дараа тухайн үеийн хоёр ч Засгийн газар дамжаад нөгөө орон сууцуудын нэг хэсгийг түрээслээд өмчлөх хэлбэрээр, нөгөө хэсгийг нь зүгээр л олгочихсон. Буцаад тэндээс төлбөр орж ирэхгүй гэсэн үг. Тэр үед Засгийн газраас тухайн жилүүдэд төсөвт үүнийг тусгаад, төсвөөс Хөгжлийн Банканд төл гэдэг тогтоолууд гаргаж байсан. Гэвч төсөвт тусгасан үүргээ улс нэг ч удаа биелүүлээгүй учраас Хөгжлийн Банканд чанаргүй зээлүүд үүссэн.
Харин одоо Засгийн газар хүлээсэн үүргийнхээ дагуу төлбөрөө хийгээд явах уу эсвэл энэ банкийг дампууруулах уу гэдэг сонголтод тулаад байна.
Цаашид өмнө нь гаргасан шийдвэрийн дагуу жил бүр төсөвт дарамт багатайгаар гэхдээ Хөгжлийн Банкаа дампууруулчихгүйхэн шиг үүргээ биелүүлээд явъя. Нөгөө талаар чанаргүй зээл үүсгэсэн буруутай этгээдүүдэд үүнийг төлүүлэх арга хэмжээ авна гэдэг агуулга бүхий зүйлийг хэлэлцсэн.Хөгжлийн банкны чанаргүй зээлийг эргэн төлүүлэх, буцаад хөл дээр нь босгох ажлыг хийж хэрэгжүүлсээр байна. Хөгжлийн банкыг хянан шалгах түр хорооноос улс төрийн дэмжлэг үзүүлэх байх гэдэгт итгэж байна.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул:
-Арилжааны шинж чанартайгаар хэрэгжээд явж байсан барилгын төслүүд шууд түрээсийн хэлбэрт шилжүүлээд зөрүү хөрөнгийн улсын төсөвт шилжүүл гэсэн Засгийн газрын тогтоол хэрэгжээгүйн улмаас өнөөдрийг хүртэл хүү нь нэмэгдээд яваад байна. Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкны 243 тэрбум төгрөгийн зээл төлөгдсөн байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Хөгжлийн банкнаас зээл авсан төрийн өмчийн компаниудын зээлийн ихэнх хувийг ТОСК-ийн зээл эзэлдэг. ТОСК-ийн хувьд зээлээ хэрхэн хаах вэ гэдэг нь анхаарал татаж байна. Засгийн газар ТОСК-ийн зээл дээр үнэт цаас гаргаад зээлийг нь дарах гэж байна гэж ойлгогдоод байна. Иргэд бол энийг авахгүй тэгэхээр Төрийн өмчийн компанийн өрийг Эрдэнэт, Эрдэнэс тавантолгой компаниар төлүүлэх гэж байна уу гэж хардаж байна. Хоёрдугаарт найдваргүй эргэлзээтэй байгаа зээлд "Хөтөл", "Кью эс си" компанийн 520 тэрбум төгрөг байна. Энэ бол Худалдаа хөгжлийн банк. Энэ Хөтөлийн хувьчлалыг хувьчлахгүй гэдэг шийдвэр Засгийн газраас орж ирчихээд байгаа шүү дээ. Бид хэлэлцэх эсэхийг нь шийдсэн. Хөтөл өртэй гээд яваад байна. Энэ хувьчлалыг нь болъё гэдэг УИХ-ын тогтоолыг гаргачихаар өртэйгөө төрд ирэх вий дээ. Санхүүгийн тооцоолол хэрэгтэй байна. Нэг талаасаа "Сахал" Б.Эрдэнэбилэг гэдэг мафийг будаа болгож байна гэж байгаа ч нөгөө талаасаа буруудах вий. Ц.Нямдорж сайд шударга ёсныхоо цамцаа ураад дууслаа л гэнэ. Яасан ч урагдаж дуусдаггүй цамц вэ. 20, 30 жил ураад л байдаг. Хүн харахад шударга ёстой юм шиг боловч эргээд энэ компанийн өрийг төрөөр төлүүлэх гэж байгаа заль яваад байгаа юм биш биз гэх хардлага байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.