СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сүүлийн 80 жилд агаарын температур 2.25 хэмээр дулаарч, хур тунадас 7.3 хувиар буурчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн /2022.06.03/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Цөлжилт, газрын доройтол, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”-ний талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд, Монгол Улс газар зүйн байршил, эх газрын эрс тэс уур амьсгал зэргээс хамааран дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг 10 орны нэг болохыг эрдэмтэн, судлаачид тогтоосон байдаг. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр дулааны улирлын хур тунадасны хэмжээ ихээхэн буурч, хуурайших, гандуу болох, цөлжих явц илүү ажиглагдах болсон. Цаг агаарын гаралтай байгалийн гамшигт үзэгдлийн давтамж, тоо ихээхэн нэмэгдэж, жилд тохиолдох хүчтэй шуургатай өдрийн тоо 1960-1999 онд 20-37 өдөр байсан бол 2000-2016 онд 20-43 өдөр болсон бөгөөд энэ байдал говь, хээр болон газар тариалангийн бүс нутагт түлхүү ажиглагдаж байна. 2021 онд цаг агаарын аюулт үзэгдэл 165, гамшигт үзэгдэл 18 удаа тохиолдсон бөгөөд 19 хүн амь насаа алдаж, 158 мянга гаруй мал хоргодон, 616 гэр, хашаа нурж, улсад 9.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байгааг дурдлаа.Мөн Монгол орон цөлжилтийн судалгааг анх 1992 онд хэсэгчилсэн байдлаар хийж эхэлсэн. Нийт нутаг дэвсгэрийн 41.3 хувь нь байгалийн тогтоц, шинж чанараараа цөлжилтөд өртөмтгий бөгөөд их, бага хэмжээгээр цөлжилтийн үйл явц илэрч байсан. Үүнээс хойш судалгааны арга зүйг боловсронгуй болгон нийт нутаг дэвсгэрийг хамруулан 5 жил тутамд цөлжилтийн судалгааг хийж байна. Эдгээр судалгааны дүнгээр цөлжилтөд өртсөн газар нутгийн хэмжээ 2006 онд 72.0 хувь, 2010 онд 77.8 хувь, 2015 онд 76.8 хувь, 2020 онд 76.9 хувь болж нэмэгдсэн. 2020 онд хийсэн цөлжилтийн үнэлгээгээр Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай бүхий газар нутаг цөлжилтөд тодорхой хэмжээгээр өртсөнөөс үүний 23 хувь буюу 30 орчим сая га талбай цөлжилтийн хүчтэй, нэн хүчтэй зэрэглэлд хамрагдаж байна. Тэр дундаа говь, хээрийн бүсийн хур тунадас багатай Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Төв, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймгийн нийт нутаг дэвсгэрийн 50-95 хүртэл хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн судалгааны дүн байгааг салбарын сайд танилцуулгадаа дурдсан.

Цөлжилт, газрын доройтлын шалтгааныг авч үзвэл 51 хувь нь уур амьсгалын өөрчлөлт, 49 хувь нь хүний хүчин зүйлийн нөлөөнөөс үүссэн байна. Сүүлийн 30 жилд мал сүргийн тоо толгой 3 дахин нэмэгдэж, бэлчээрийн зохицуулалтгүй хэт ашиглалтыг бий болгон талхалж, байгалийн ургамалд нөхөн төлжих хугацаа, боломж олгохгүй хомсдуулах, улмаар устахад хүргэсэн нь цөлжилтийг эрчимжүүлэхэд нөлөөлж байна. Түүнчлэн газар тариалан, уул уурхай, хөдөө, орон нутгийн зам, дэд бүтэц болон байгалийн баялгийн зүй бус ашиглалт зэрэг газрын доройтолд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байна. Уул уурхай эрчимтэй хөгжиж, үүнтэй холбоотойгоор эвдэрсэн газрын тоо хэмжээ нэмэгдэн, өнөөдрийн байдлаар 30 мянга орчим га талбай эвдэрээд байна. Үүнээс олон жил орхигдсон 8000 га талбайг ирэх 4 жилд нөхөн сэргээх шаардлагатай байна гэв.

Цөлжилт, газрын доройтлыг бууруулах зорилтын хүрээнд Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцод 1996 онд нэгдэн орсон бөгөөд “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийг 2005 онд, “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг 2010 онд, “Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх үндэсний хөтөлбөр”-ийг 2012 онд тус тус баталж хэрэгжүүлсэн. Сүүлийн 10 жилийн хугацаанд цөлжилтөд өртсөн бүс нутгийн 4338 га газарт хамгаалалтын ойн зурвас, 160 га газарт элсний нүүлтийг сааруулах байгальд ээлтэй механик хаалт хийж, 2481 булаг шандын эхийг хашиж хамгаалснаас гадна бэлчээрийн талхлагдалтад өртсөн 150 га газрыг нөхөн сэргээж, цөлжилтийн судалгааны 4 төв байгуулах ажлыг улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүллээ. 2020-2021 онд цөлжилт, газрын доройтолд нэн хүчтэй, хүчтэй өртсөн Ховд, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Говь-Алтай, Говьсүмбэр аймгуудын 235 га талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулах, элсний нүүлтийг сааруулах механик хаалт хийх, булаг шанд тохижуулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байна. Гэсэн хэдий ч эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж санхүүжилт буурах, төлөвлөсөн төсөл, арга хэмжээний цар хүрээ, үр дүн багасах эрсдэлтэй байгааг Б.Бат-Эрдэнэ сайд мэдээлэлдээ онцолсон. Өнгөрсөн хугацаанд цөлжилт, газрын доройтлыг бууруулах төсөл, арга хэмжээнд зориулж улсын төсвөөс маш бага хэмжээний санхүүжилт гаргаж ирсэн бөгөөд одоо зарцуулж байгаа төсөв нь байгаль хамгаалах арга хэмжээний жилийн төсвийн 5 хүрэхгүй хувийг эзэлж байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдаад Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” болон дээрх тогтоол, шийдвэрийг үндэслэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг 2022-2030 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг шинжлэх ухааны судалгааны байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөл оролцсон ажлын хэсгийн хүрээнд боловсруулж байна. Уг стратеги төлөвлөгөөний хүрээнд доройтсон ойн санг нэмэгдүүлэх, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, голын татмыг ойжуулах, хот, суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, авто болон төмөр зам, тариалангийн талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулж, 1.5 тэрбум модыг тарьж ургуулахаар төлөвлөж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол орны ойн санг 9 хувьд хүргэн нэмэгдүүлж, цөлжилт, газрын доройтолд нэн хүчтэй өртсөн газар нутгийг 4 хувиар бууруулахаар урьдчилан тооцож байна гэж байлаа. 

Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор баталсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, 2019 оны 318 дугаар тогтоолоор баталсан “Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөр” болон ногоон хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд хөрсний бохирдол, элэгдлийг бууруулах, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх зорилт, арга хэмжээ тусгагдсаныг салбарын сайд танилцуулгадаа дурдаад сүүлийн жилүүдэд орон нутгаас нийслэлд шилжин ирж суурьших хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Улмаар суурьшин ирж газруудын дэд бүтцийн хүртээмж муу, төвлөрсөн цахилгаан, дулаан хангамжид холбогдоогүй зэрэг хүндрэлээс шалтгаалж стандартын бус нүхэн жорлонтой айл өрхийн тоо жилээс жилд нэмэгдэж, энэ нь хөрсний нянгийн бохирдол үүсэх гол шалтгаан болж байна. Тухайлбал, Улаанбаатар хотод 200 мянга гаруй, орон нутгийн төв, суурин газарт 121 мянга гаруй өрх сайжруулах шаардлагатай нүхэн жорлонтой, мөн улсын хэмжээнд 819 ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, цэцэрлэг нүхэн жорлонтой, үүнээс нийслэлд ерөнхий боловсролын долоон сургууль, цэцэрлэг, орон нутагт 360 орчим сургууль нүхэн жорлонтой байгааг онцолсон. 

Шинжлэх ухааны академийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн хөрс судлалын салбарын эрдэмтдийн хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлон, ил задгай хаясан хатуу болон шингэн хог хаягдал нь өнгөн хөрсний нянгийн бохирдлын гол эх үүсвэр болдог бөгөөд Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг экогеохимийн судалгаагаар 360 цэгээс хөрсний сорьц авч шинжлэхэд 88.0 хувьд нь нян, хөгц, мөөгөнцөр илэрсэн. Мөн нүхэн жорлонгийн ойр тойронд 10-12 метрийн радиуст энэ бохирдол хамгийн элбэг тархаж, хүний хөл, салхиар зөөвөрлөгдөн орчинд тархдаг бөгөөд бохирдол нь хөрсний гүнд 6-10 метр хүртэл нэвчсэн болохыг нүхэн жорлонгийн орчимд хийсэн өрөмдлөгийн дээжээс илрүүлсэн. Улаанбаатар хот газрын гадаргын хувьд уулархаг бөгөөд гэр хороолол нь газрын өндөрлөг хэсэгт байрладгаас энэхүү бохирдол үерийн усаар зөөвөрлөгдөх, голын сав дагууд гүний усанд нэвчиж, ундны усыг бохирдуулах зэрэг эрсдэлийг нэмэгдүүлж байна. Улаанбаатар хотын хөрсний 4.1 хувь нь сул, 25.7 хувь нь дунд зэрэг, 70.1 хувь нь хүчтэй эвдэрч доройтсон, мөн хот, суурин газрын хөрсөн дэх хүнд металлуудын агууламжийг бэлчээрийн эрүүл хөрстэй харьцуулахад 48-76 хувиар их байна. Хөрсний нянгийн бохирдолт 88 хувь, органик бохирдол 52.6 хувь, шивтэрийн бохирдол 88.4 хувь, сульфатын бохирдол 72 хувь байна. Мөн улсын хэмжээнд нийт 396 хог хаягдлын төвлөрсөн цэг байгаа нь хөрсний бохирдлын үндсэн шалтгаануудын нэг болж байгаа юм. Гэр хорооллын нүхэн жорлон, аялал жуулчлалын бааз болон худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ариун цэврийн байгууламжийг стандартын шаардлага хангуулах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тухайлбал, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хотын гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах төслийн хүрээнд 2019-2021 онд Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргийн гэр хороололд 3650 ширхэг нэвчилтгүй бетонон суурь бүхий стандартын шаардлага хангасан сайжруулсан эко жорлон суурилуулах ажлыг зохион байгууллаа. Мөн Хөвсгөл нуурын эрэг орчимд хөрсөнд нэвчилтгүй ариун цэврийн байгууламж барьж, нуур орчмын хөрсний болон газрын гүний усны бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлсэн гэдгийг Б.Бат-Эрдэнэ сайд танилцуулгадаа дурдсан. 

Түүнчлэн тэрбээр танилцуулгадаа, ногоон зээлийн хүүгийн хөнгөлөлтийг санхүүжүүлэх ажлыг 2019 оноос эхлэн Хаан банк, Төрийн банк, Хас банктай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд амьдарч байгаа иргэдэд орон сууцны байшингийн дулаалга, сайжруулсан зуух, эко ариун цэврийн байгууламж худалдан авахад болон аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагад хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж суурилуулах зэрэг нийт 30 гаруй төрлийн бүтээгдэхүүнд жилийн 9 хүртэл хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгож эхлээд байгааг дурдаад уг зээлд 2021 онд гэхэд 420 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хамрагдаж, 1.8 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлтийг улсын төсвөөс санхүүжүүлсэн гэж байлаа.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат танилцуулсан. 

Тэрбээр танилцуулгадаа, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, эко-системийн доройтол зэрэг байгалийн хүчин зүйлс байгаа боловч хүний хүчин зүйлийн нөлөөгөөр бий болсон цөлжилт, газрын доройтол, хөрсний бохирдлын хувь хэмжээ нэмэгдэх хандлагатай болж, энэ асуудал дээр төрийн зөв бодлого, шийдвэр үгүйлэгдэж байгааг тодотгоод 2012 онд “Хөрс хамгаалах, цөлжилтөөс хамгаалах тухай” Монгол Улсын хууль, 2019 онд “Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөр” батлагдсан. Өнөөдрийн байдлаар холбогдох хуулиудын биелэлт хангалтгүй, хөтөлбөрийн үндсэн зорилтууд ажил хэрэг болоогүйг онцолж байлаа. “Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хувьд эхний үе шат нь 2021 онд дууссан, хоёр дахь буюу эцсийн үе шат нь 2023 дуусахаар байгаа боловч хэрэгжилт тун хангалтгүй байгааг УИХ дахь АН-ын бүлгийн дарга онцлоод өнөөдөр цөлжилттэй тэмцэхийн тулд билэгдлийн чанартай хөтөлбөр дэвшүүлж, лоозогнох биш, бодит ажил хийх хэрэгтэй байна. 2020-2022 онд  цөлжилттэй тэмцэх, зарим нуур, голыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, нөхөн сэргээх, хөв цөөрөм байгуулахад зориулж  улсын төсвөөс 20,0 гаруй тэрбум төгрөг хувиарласан. Эдгээр төслийн биелэлтийг гаргаж, дүгнэлт хийж, тайлагнах шаардлагатай гэж байлаа.

Цөлжилт, газрын доройтол, хөрсний бохирдлын асуудал  манай эх орны аюулгүй байдал, тусгаар тогтнол, хойч ирээдүйтэй холбоотой  тулгамдсан асуудлын нэг тул Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг дараах зүйлд онцгой анхаарах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд, цөлжилт, газрын доройтол, хөрсний бохирдолтой холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгох, ингэхдээ хууль журмын заалтууд нь амьдралд бодитой хэрэгжихүйц, үр дүнг нь тооцож болохоор хэмжигдэхүйц болгоход анхаарах, цөлжилт, газрын доройтол, хөрсний бохирдлыг бууруулах бодлого, арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалгаа, шинжилгээнд тулгуурлан зөв зохистой төлөвлөж, хэрэгжилт дээр бодитой төлөвлөлт, гүйцэтгэлийг шаардаж ажиллахыг тодотгов.

Мөн бүс нутгийн механизмыг ашиглах, олон улсын туршлагыг нэвтрүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, орон нутагт гадаргын усыг ашиглах боломжуудыг судлан,  усны нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээг ойрын үед авч хэрэгжүүлэх, бэлчээрийн зохицуулалтын хууль, эрх зүйн орчныг бий болгох, бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малын тоо толгойн харьцааг зохистой болгоход анхаарах, Улаанбаатар болон бусад хот, суурин газруудад олон жил ярьсаар байгаа хог, хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүд байгуулахыг Д.Ганбат дарга танилцуулгадаа тодотгоод Засгийн газраас дээрх саналуудыг ажил хэрэг болгож, гаргасан хууль хөтөлбөрүүдийг цаасан дээр үлдээн мартах биш, бодит ажил болгоход онцгой анхаарч, гүйцэтгэл сайтай ажиллахыг хүслээ. 

Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ц.Туваан, Д.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа, Б.Бейсен нар асуулт асууж, үг хэлсэн. 

Гишүүдийн зүгээс цөлжилт, газрын доройтол, хөрсний бохирдлыг бууруулах талаар олон жил ярьж байгаа боловч бодитой арга хэмжээ авч ажиллан, далайцтай үр дүн гарахгүй байгаа шалтгааныг илүүтэй тодруулж байлаа. Мөн цаашид газрын доройтолд орсон бэлчээрийг сэргээхэд авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ, мөн  нийслэлийн цэвэрлэх байгууламжийг шинээр  ашиглалтад оруулах ажлын гүйцэтгэлийн явц байдал, гэр хорооллын 200 мянган нүхэн жорлонг бууруулахад баримталж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар лавлав.Цөлжилт, газрын доройтол, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ч энэ нь нэг салбарын асуудал биш. Ялангуяа хүний хүчин зүйлээс нөлөөлсөн 49 хувь нь мал аж ахуй, уул уурхай, газар тариалан, хотжил суурьшилтай холбоотой салбар дундын зохицуулалт зайлшгүй хийх асуудал болоод байна. Тухайлбал, олон улсын байгууллагаас хийсэн судалгаанаас харахад модыг их хэмжээгээр тайрч, гол мөрний урсац газруудад уул уурхайн үйл ажиллагаа ихээхэн эрхэлсэн нь цөлжилт, газрын доройтолд нөлөөлсөн төдийгүй Монгол Улс сүүлийн 40 жилийн хугацаанд 50 хувьтай дүйцэхүйц хэмжээний цэвдгээ алдсан байна дүн гарсан. Монгол Улсын нийт газар нутгийн 75 хувь нь малын бэлчээр байдаг болов ч 57 хувь нь газрын доройтолд орсны зэрэгцээ үүнд 80 орчим сая мал бэлчээрлэж байна. Иймд цэвдгээ авч үлдэхийн тулд “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйд шилжих зэргээр хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлогыг шинэчлэх шаардлагатай байна хэмээн Б.Бат-Эрдэнэ сайд хариулж байлаа. Мөн тэрбээр, бэлчээрийн 57 хувь нь доройтсон. Бэлчээрийн даацын тооцооллоор Монгол Улсад 25-30 орчим сая мал бэлчих даац үлдсэн. Энэ байдлаар 2030 он гэхэд Монгол Улс бэлчээрийн үлдсэн талбайгаа алдана гэдэг тооцоо, судалгааны ажил хийж байна хэмээн тайлбарлаж байлаа.

Харин Ажлын хэсгийн зүгээс Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо Улаанбаатар хотын гэр хорооллын айлуудын нүхэн жорлонг сайжруулах, шинэчлэх ажлыг Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хийж байна. Туул голын сав дагуу 50 мерт байгаа айлуудын нүхэн жорлонг эко 00-оор солих арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар 5150 айлын нүхэн жорлонг шинэчлээд байна. Цаашдаа энэ жилээс эхлэн Туул голын салбар голуудын сав дагуу байгаа айлуудын нүхэн жорлонг шинэчлэнэ. Гэр хорооллыг эко жорлонтой болгосноор тэндээс соруулж авсан лагаа шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт лаг шатаах үйлдвэрийн барилга байгууламжийн ажил үргэлжилж байгаа бөгөөд энэ жилдээ үйлдвэрийг ашиглалтад оруулах зорилттой ажиллаж байна гэсэн нэмэлт тайлбарыг хэлсэн.

Мөн Усны газрын дарга Ш.Мягмар хариултдаа, Төв цэвэрлэх байгууламж БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдаж байгаа. Хоногт 250 метр куб бохир ус цэвэрлэх хүчин чадалтай тус байгууламжийг 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа цэвэрлэх байгууламж хоногт 170 метр куб бохир усыг цэвэрлэдэг. Эдгээр хоёр байгууламж нийтдээ 420 метр куб бохир усыг хоногт цэвэрлэх боломжтой болно гэдгийг тодотгож байлаа. Түүнчлэн тэрбээр, гэр хорооллыг орон сууцжуулах төлөвлөгөөний хүрээнд 200 мянган нүхэн жорлонг бууруулахад тодорхой хэмжээний айл орон сууцанд орсноор дээрх тоо 15-20 орчим хувиар буурна гэсэн урьдчилсан тооцоо гарсныг хариултдаа онцлов. Үүгээр Улсын Их Хурлын чуулганы энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагт хэлэлцэхээр төлөвлөсөн  асуудлууд дууссан тул  чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөллөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.