Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүд мэдээлэл хийлээ. Тус хууль эцэслэн батлагдсанаар “Нотол, чадахгүй бол цагаатга” гэх зарчим Монголд нутагшиж эхэлнэ гэж хууль санаачлагчид хэлж байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
- Сүүлийн хоёр жилийн хугацаанд 350 орчим хэрэг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхрүү буцаагдсан байна. Уг шийдвэрийн балгаар хэрэг замхардаг, эрүүдэн шүүдэг, шантаажилж, авлига авдаг механизм бүрдээд байсан.Тиймээс хуулийн мафитай хуулиар тэмцэх ёстой гэдэг үүднээс энэ хуулийг баталлаа. Ердийн горимоор хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр гэм буруугийн шатнаас хэргүүд мөрдөн байцаалтад буцахгүй болж байна. Харин шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс буцаж болно. Энэ үе шатанд хууль зөрчигдсөн байвал хэргийг мөрдөн байцаалтад буцаана. Бүх нотлох баримт хуулийн дагуу бүрдсэн, хууль ёсны эрх нь зөрчигдөөгүй, нотлох баримт хангалттай цугласан гэж үзсэн хэргүүд л гэм буруугийн шатны хуралдаан хийгдэнэ. Нотлох, нотолж чадахгүй бол цагаатга гэсэн зарчим Монгол Улсын эрх зүйн системд бүрдлээ. Уг хуулийн төсөл батлагдсанаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийг шүүх шийдэхдээ нэг бол хэрэгсэхгүй, үгүй бол гэм зэмийн ял ногдуулах сонголттой болж байгаа юм. Гэмт хэрэг үйлдсэнийг нотлох нь төрийн үүргийг гүйцэтгэгч прокурорын үүрэг болохоос биш тухайн сэжигтний үүрэг биш юм. Хууль зөрчихгүйгээр, эрүүдэн шүүхгүйгээр, хонгилдохгүйгээр, барьцаалдаг, шантаажилдаг, хилс хэрэг тулгадаг хуулийн системийг арилгахад нэг алхам ойртсон. Мөн процессын хуулийн шинэчлэлүүдээр дамжуулж авилгагүй, хараат бус, хүн хэлмэгдүүлдэггүй, бас ял завшуулдаггүй хуулийн машинтай болох ёстой. Шүүхээс буцаагдаад хамгийн олон жил шалгагдаж байгаа хэрэг 10 гаруй жил болж байна. Дутуу шалгасан хэргийг цаашид шилжүүлэхгүй болно.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:
- Шүүх бол хамгийн их чирэгдэлтэй, хүнд сурталтай байгууллага болсон. Ялангуяа энгийн иргэдэд хамгийн их чирэгдэл учруулдаг. Дэлхий нийтэд шүүх байгууллага яг ийм зарчмаар ажилладаг. Гэтэл манай улсын хуулийн тогтолцоогоор шүүхийн байгууллага нь тухайн гэмт хэргийг заавал буруутгаад ир гэж байгаа юм шиг прокурорт буцаадаг. Ийм байж болохгүй. Угтаа бол дэлхийн нийтэд шүүхээс тухайн гэмт хэргийг хүлээж аваад гэм буруутай бол ялыг нь өгдөг. Гэм буруугүй бол хэргийг хэрэгсэхгүй болгодог гэсэн юм.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-Энэхүү хууль батлагдсанаар процессын үйл ажиллагаанд томоохон зарчмын өөрчлөлт гарч байгаа. Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйл буюу өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэрэг сүр дуулиан болж байгаад усанд хаясан чулуу мэт алга болдог. Хэргийг хяналтын шатан дээр аваачаад мөрдөн байцаалт руу буцаадаг.Цаг хугацаа хожсоны үр дүнд ял завшдаг. Шүүх дээр 100 хувь нотлогдсон хэрэгт нэг бол ял оноох, үгүй бол цагаатгах хууль мөрдөгдөж эхэллээ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.