Нийтэлсэн:
Б.Баярцэцэг
2 жилийн өмнө
Авлигатай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 639 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас долоон хэргийг шүүхэд шилжүүлж, зургаан хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, дөрвөн хэргийг нэгтгэн шалгаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 2 хэрэгт нийт 11 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан. АТГ-ын мөрдөгчид гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 4 мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.
Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн хэргүүдээс дурдвал:
- Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч А нь зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа нотлох баримт хуурамчаар үйлдсэн.
- Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн нэгдсэн төвийн систем төлөвлөлтийн мэргэжилтнээр ажиллаж байсан Т нь хахууль өгөгч Х, Л нарын ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл буюу НӨАТ-ын "И-баримт" систем дээр алдаа болон харагдаж байсан мэдээллийг өмнө нь татварын улсын байцаагчаар ажиллаж байсан Ж-ийн гуйлтаар устгаж, 60 сая төгрөг авсан.
- Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байсан Э нь удаа дараа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй зөрчилд Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч А нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон.
- Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Б, нягтлан бодогч Т нар нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж тус цэцэрлэгт зах зээлийн үнээс өндөр үнээр бараа материал нийлүүлж 28,659,550 төгрөгийн хохирол учруулсан.
- Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн Цэргийн хөгжмийн сургуулийн захирал О нь 2018 оны 06 дугаар сард тус сургуульд элсэн орох зарим хүүхдүүдийн эцэг эхээс хахууль авсан, тухайн эцэг эхчүүд нь хахууль өгсөн.
- Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт худалдан авах ажиллагааны хэлтсийн Зам, замын байгууламж хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан А нь бусдаас хахууль авсан.
- Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн тасгийн хавдар хөнгөвчлөх эмчилгээний их эмч Б нь иргэн К-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг сунгуулан өгсний хариуд хахууль авсан.
Эдгээр хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлээд байна.