СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн гурван албан тушаалтныг цагдан хорьжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Хөвсгөл аймагт 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн “Нэмэх даатгал” нэрээр иргэдийн мөнгийг татан төвлөрүүлж, иргэдийн мөнгийг залилж байсан үндэслэлээр “Бэлтэс мөрөн” ХХК-ийн удирдах албан тушаалтнуудыг цагдаагийнхан шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Уг хэрэгт холбогдуулж тус компанийн эрх бүхий албан тушаалтнуудыг цагдан хорьж шалгах санал Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлснийг тавдугаар сарын 31-ний мягмар гарагт хэлэлцэн шийдвэрлэлээ.

Дээрх компанийн албан тушаалтан Г.Пүрэвсүрэн, Г.Нямдэлгэр, Р.Бузмаа, С.Ганбаатар, Н.Уяабор нарыг аж ахуйн нэгжийнхээ болон өөрсдийн нэр дээрх хувийн дансандаа иргэдийн мөнгийг шилжүүлэн авч бодит байдлыг нуух замаар хүмүүсийг төөрөгдүүлж, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар залилж байсан гэх үндэслэлээр тус прокурорын газраас яллагдагчаар татах тогтоол баталсан юм. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-1.2, 14.9-1.3-т заасан бусдыг дарамталсан, өөрийн аминд аюул учруулах үндэслэл бүхий мэдээлэл байгаа, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй хэмээн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар шүүхэд хандсан аж. Харин С.Ганбаатарыг нь хорихоос татгалзжээ. Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор нь цагдан хорих асуудлыг хэлэлцэх шүүх хурлын үеэр Г.Нямдэлгэрийг цагдан хорих саналаа өөрчилж, түүнд тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар шийдвэрлэснийг шүүх хүлээн авч, тодорхой газар очихыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

“Бэлтэс мөрөн” компанийн дээрх хүмүүс иргэдтэй хамтран ажиллах, санхүүгийн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж байсан бөгөөд шалгалтын явцад 15 мянга орчим хүн тус компанид мөнгөө өгөөд 12 мянга нь тодорхой хэмжээний ногдол ашигтайгаар буцааж авсан. Гурван мянга орчим нь хохирсон хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлсэн билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.