СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2022-06-02

“Эгэл хилчдийн түүхийг улсын хилийн музейгээс үзээрэй”

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

ХХЕГ-ын “Хилчин” студийн дэргэд байрлах Улсын хилийн музейгээр зочиллоо.

Музейн хаалгаар ороход Монгол Улсын нутагт оршин тогтнож байсан эртний улсууд, 1227 оны үеийн Их Монгол Улсын хил хязгаарыг харуулснаас гадна одоогийн Монгол Улсын хил бүрэлдэн тогтсон үйл явдлыг түүхчлэн харуулжээ.

Мөн эх орныхоо дархан хилийн хамгаалалтад гавьяа байгуулсан хувь хүмүүс, хилийн хамт олон, Монгол Улсын баатар болон гавьяат цолтны эдэлж хэрэглэж байсан дүрэмт хувцас, буу зэвсэг, эд өлгийн зүйлээс гадна уран хатгамал, уран зураг, дахин давтагдашгүй ховор нандин түүхэн зургуудыг үзмэрийн танхимд дэлгэн тавьжээ. 

Тус музей 1000 гаруй үзмэртэй ч байрны боломжгүйгээс 60 хувийг нь дэлгэж тавьсан. Зориулалтын бус байр учраас эд өлгийн зүйлийн чанар муудах бэрхшээл гарч байна.

Ирэх жил хил хамгаалах байгууллагын 90, музей байгуулагдсаны 40 жилийн ой болох учраас музейгээ өргөтгөж, сан хөмрөгөө баяжуулах, шинээр үзмэрүүд тавих. Цаашид интернэт музей байгуулах зорилт тавин ажиллаж байна.

Эд өлгийн зүйлүүдийг тусгай хадгалалтын нөхцөл, орчин шаарддаг онцлогтой. Өрөө тасалгааны горим, агааржуулалт, чийгшүүлэлт, дулаан, хэмийг тогтмол барих ёстой. Гэтэл зориулалтын бус байр болохоор хүндрэлтэй байдаг.

Тиймээс зориулалтын байртай болох шаардлагатай. Зориулалтын байртай болсноор музей маань олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй ажиллах боломжтой болно. Музейн үзмэрүүдийн аюулгүй байдал хангагдана. Залуу үеийнхэнд тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал ямар их үнэ цэнээр олдсоныг таниулж ойлгуулах, тэдэнд цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулна хэмээн Улсын хилийн музейн эрдэм шинжилгээний ажилтан, бэлтгэл хурандаа Ц.Лхагвасүрэн ярьж байсан юм. 

Мөн тэрбээр

“Үнэт өв, ховор үзмэр олон байдаг. Хил, хилчдийн түүхэн замналыг харуулсан, хилчдийн баатарлаг түүхийг олон нийтэд хүргэх зорилготой. Тухайлбал, нэгдүгээр танхим Монгол Улсын хил бүрэлдэн тогтсон түүхийг харуулдаг.

1727 оны Буурын хилийн гэрээ тухайн үед таван хэл дээр гарсан. Энэ гэрээ бүрэн эхээрээ бий. Мөн эртний өртөө харуулын зургууд байна. Өртөө харуулыг хил хязгаараар явж буй хилийн харуулууд давхар үүрэг гүйцэтгэж байсан. Хааны зарлиг, шийдвэр гарлаа гэхэд хол зах хязгаар хошуу нутагт гурав хоногийн дотор хэрэгжээд явдаг байсан. Үүнийг өртөө харуулууд хүргэдэг байсан түүхэн баримтыг Улсын төв архивын эх сурвалжаас авсан.

Буурын гэрээ тогтоож хоёр талын хилийн комиссарууд пайз модоо нийлүүлэн эв модны наадам хийдэг байсан. Хэрэв пайз нийлэхгүй бол арга хэмжээ болдоггүй. Учир нь Буурын гэрээ байгуулж хил тогтоосон учир ах дүү нар хилийн хоёр талт гарсан. Тиймээс хилийн комиссарууд эв модны наадам хийж хилээ нээж, наадам дуусангууд хилээ хааж хоёр талдаа гардаг. Өнөөдөр ч гэсэн эв модны наадмыг уламжлал болгон хийсээр байна” гэв.

1933 онд мэргэжлийн хилийн цэрэг байгуулагдсан. Үүнээс өнөөдрийг хүртэл хил хамгаалах байгууллагын түүхэн замналыг харуулсан үзмэрүүд, эд өлгийн зүйл олон бий. 1933 оны нэгдүгээр сард Ардын сайд нарын шийдвэрээр Ховдод хилийн отряд, Өмнөговь, Говь-Алтай, Дорноговьд хилийн тусгай коминдатур байгуулагдаж баруун өмнөд, өмнөд хилийг хилийн цэрэг Ардын хувьсгалт цэргээс хил хамгаалалтыг хүлээж авсан.

1936 онд Дарьгангын 17, Чоно голын 20 дугаар отряд, 1937 онд Баянбүрдийн 24, Тамсагийн 27, Энгэр шандын 31 дүгээр отряд байгуулагдсан. 1933-1937 он хүртэл хилийн цэрэг өмнөд хилийг бүрэн хүлээн авч хамгаалалтыг зохион байгуулж өнөөдрийг хүртэл хамгаалж ирсэн.

Тиймээс хил, хилчдийнхээ түүхийг харуулсан. Монгол Улсын хилийн 14 баатартай. Хилчин баатруудын өмсөж, хэрэглэж байсан жагсаал хувцас, төрийн одон медалиуд, гэрэл зургууд, түүхэн үйл явдлыг энэ музейгээс үзэж болно.

Улсын хилийн музейг хилийн цэргийн 50 жилийн ойгоор буюу 1983 оны долдугаар сарын 15-нд НАХЯ-ны музей нэртэйгээр анх байгуулжээ. Музейн нээлтэд төр нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбал болон МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүд оролцож сэтгэгдлээ үлдээсэн байна. Музейн үзмэрийн 85 хувь нь хил, хилчидтэй холбоотой эд хэрэгслийг дэлгэн олон нийтэд үзүүлж байжээ.

1990 онд НАХЯ-ыг татан буулгаж түүний бүрэлдэхүүнд байсан ТЕГ, ЦЕГ, ХХЕГ, ШШБЕГ, Улсын архивын газар бие даасан байгууллага болсон учир музей үйл ажиллагаагаа түр зогсоож 1992 оны долдугаар сарын 16-наас эхлэн “Улсын хилийн музей” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулах болсон байна.

1997 оны есдүгээр сард төрийн өмчийн хорооны шийдвэрээр музейн барилгыг дуудлага худалдаанд оруулан худалдсан учир Хилийн цэргийн удирдах газрын даргын тушаалаар 1998 онд одоогийн байранд шинэчлэн байгуулж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. 

Улсын хилийн музейг үзэж сонирхохыг хүссэн албан байгууллага, хүмүүсийн захиалгыг аваад төлөвлөгөөний дагуу ажилладаг. ХХЕГ цэргийн анги, байгууллага, салбар. Тиймээс цаашид шинэчлээд нээлттэй болгоно.

Шинэ байртай болгох талаар ХХЕГ-ын удирдлагын түвшинд хүлээж авсанд талархаж байна. Байрны асуудал шийдэгдсэнээр олон нийтэд нээлттэй ажиллах боломжийг бүрдүүлнэ. Хил хамгаалах байгууллагын түүхэн замнал нь 1939 оны Халх гол, 1945 оны чөлөөлөх дайн, 1940-1948 оны баруун хилийн тулгаралтад оролцож ирсэн хилчдийн байгуулсан баатарлаг гавьяа. Эх орон, сөөм газрынхаа төлөө халуун амь, бүлээн цусаа зориулсан эгэл хилчдийн түүхийг Улсын хилийн музейгээс үзээрэй.

Өнөөдөр ч гэсэн эх орныхоо дархан хилийг манаж яваа хилчин нэг бүрийн түүх энд байгаа гэж хэлж болно хэмээн Улсын хилийн музейн эрдэм шинжилгээний ажилтан, бэлтгэл хурандаа Ц.Лхагвасүрэн ярьж байсан юм. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 109 (6841)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.