СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

О.Балжинням: Худал гүтгэлэг ХЭҮК-ын дэмжлэгтэйгээр намайг ажлаас халагдахад хүргэлээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр  ажилллаж байсан О.Балжиннямтай ярилцлаа. Тэрбээр хууль бусаар ажлаасааа халагдсан асуудлаар манай сонинд хандсан юм.

-Та ажлаа хүлээн аваад нэг жил гаруй болсны дараагаар чөлөөлөгджээ. Өмнөх дарга М.Өлзиймөнх таныг өөрийг нь дарамталж ажлаас нь халсан талаар “Өдрийн сонин”-д ярилцлага өгч байсан. Ингэхэд яг ямар асуудал үүссэн юм бэ?

-Намайг ажилд авах үе Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дотоод шалгалтын үетэй давхацсан юм. Миний өмнө даргын албыг хашиж байсан М.Өлзиймөнх гэдэг эмэгтэй дотоод хяналтын жилийн ажлын төлөвлөгөөнд 2021 оны санхүүд  шалгалт хийнэ гэдгийг баталчихсан байсан.

Түүний баталсан төлөвлөгөөний дагуу дотоод хяналтын баг удирдамжаа боловсруулаад над дээр орж ирсэн. Би удирдамжийг нь батлаад шалгалт хийхэд хуульд их хэмжээний мөнгө гэж тооцогддог санхүүгийн зөрчил илрүүлсэн. Ийм санхүүгийн зөрчлийг мэдсэн бол удирдах ажилтан АТГ-т мэдээлэх үүрэгтэй.

Гэхдээ би М.Өлзиймөнхийн амьдралыг бодоод “Байгууллагаа өргүй болгочих. Төлбөрөө нөхөн барагдуулчихвал АТГ, шүүх, цагдаа гэхгүйгээр энэ асуудлыг эцэслэе” гэсэн санал тавьсан. Гэтэл “Надад ямар ч буруу байхгүй” гэж хэлсэн.

Дотоод хяналтын багийнхан журмынхаа дагуу санхүүгийн зөрчилд нэр холбогдсон  хүмүүсээс тайлбар авах эрх, үүрэгтэй. Үүний дагуу ажилчдаас тайлбар авсан. Мөн ийм тохиолдолд АТГ-т хандах ёстой байсан учир тийш илгээх албан бичигт нь би гарын үсэг зурсан. Гэтэл М.Өлзиймөнхийн эсрэг зориуд дотоод шалгалт явуулсан юм шиг өс хонзон санаад миний эсрэг хүний санаанд оромгүй гүтгэлгүүдийг төрийн хяналтын бүх байгууллага руу явуулсан.

-Тантай холбоотой хүний эрхийн зөрчлийн асуудлаар М.Өлзиймөнх ХЭҮК-т хандсан юм билээ. Ямар зөрчил үүссэн юм бэ?

-Миний эсрэг гүтгэлгийг хамгийн овжноор хүлээж авсан нь Сүхбаатар аймаг дахь Хүний эрхийн үндэсний комиссын ажилтан Наранцэцэг гэх эмэгтэй юм. Тэр М.Өлзиймөнхтэй найз юм билээ. Өс хонзонгийн сэдэлтэй бүх үйлдлийг н.Наранцэцэг баримтжуулж авахыг зорьсон.

Шалгалт хийж байгаа гээд албан хаагчдаас түүврийн аргаар судалгаа авахдаа М.Өлзиймөнхийн ажилд авсан хүмүүс, хамаатан садан, ойр дотныхон, хэрэгт нэр холбогдсон хүмүүсийг сонгосон. Ийм хүмүүсээс захиалгатай тайлбар авчихаад надаас хариу тайлбар аваагүй. Гэсэн атлаа М.Өлзиймөнх хэвлэлээр худал ярьсан.

Би хамт ажиллагсаддаа ямар ч ажлын байрны дарамт үзүүлж байгаагүй учир ажилчид намайг гүтгэхгүй. Харин өмнөх дарга М.Өлзиймөнхийн дарамт, шахалт, эрхийг нь зөрчсөн талаар манай байгууллагын 33  ажилтан хувь хувийн тайлбараа бичээд Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунанд явуулсан. Санхүүгийн зөрчил үүссэн учир өс хонзон санаад намайг гүтгэж байгаа талаарх тайлбарыг ч би илгээсэн. 

2021 оны арванхоёрдугаар сарын 17-нд анхны бичгээ илгээсэн. Дараа нь 2022 оны гуравдугаар сарын 21-нд “Танай ажилтан худал мэдүүлэг авлаа. Надаас ямар ч тайлбар авсангүй. Хүний худал үгээр намайг гүтгэж ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзулд мэдээлэл өгсөн” гэсэн гомдлыг  ХЭҮК-ын дарга Ж.Хунанд хүргүүлсэн. Хариу ирээгүй.

-Яагаад хариу ирээгүй талаар та лавласан уу?

 -Гурван удаа бичиг хүргүүлээд хариу ирэхгүй болохоор нь өөрийн биеэр бичгээ авчирч өгсөн. Тэгтэл Ж.Хунан дарга “Албан журмаар бичгээ бичиг хэрэгт өг. Өмнөх хоёр бичгийг хүлээн аваагүй” гэж хэлсэн. Аймгийн шуудангийн газар шалгуулахад “Хоёр бичиг хоёулаа ХЭҮК-ын бичиг хэрэгт очсон” гэж хэлсэн.

Миний илгээсэн 60, 70 хуудас материал хаашаа алга болсныг би ойлгохгүй байна.  Ингэхэд ХЭҮК яагаад миний эрхийг зөрчөөд байгаа юм. Төрийн өмчийг шамшигдуулсан байж болзошгүй хэргээр шалгагдаж байгаа М.Өлзиймөнхийн худал үгээр миний болон манай хамт олны эрхийг зөрчөөд байгааг ойлгохгүй байна.

-Энэ асуудлаар та Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандаж үзсэн үү?

-Олон удаа хандсан. М.Өлзиймөнх хүний эрхийг зөрчсөн байтал МХЕГ-ын дарга Б.Баасандорж “Чи хүний эрхийг зөрчсөн. Өргөдлөө өгөөд ажлаасаа гар. Үгүй бол сахилгын шийтгэл оноож чамайг ажлаас хална. Өөр сонголт байхгүй. Тамгын газрын даргыг дагаж яваад өргөдлөө бич” гэж тулган шаардсан.

Тамгын газрын дарга нь “Өвчтэй учраас ажлаасаа гарч байна гэж бич” гэсэн. Би “Энэ хүний эрхийн зөрчил М.Өлзиймөнх гэсэн өмнөх даргын үед үүссэн асуудал. Найзаараа дамжуулаад намайг гүтгээд байна” гэж хариулсан. Тэгээд би ийм дарамтад ажиллаж чадахгүй гээд ажлаа өгөхөөр шийдсэн. Тухайн үед өргөдлийг нь биччихээд хэсэг хугацааны дараа буцаж ороод бичиг хэргийн ажилтнаас өргөдлөө буцааж авсан.

Гэтэл бичиг хэргийн ажилтан нь “Өргөдөл буцаалаа гээд Тамгын газрын дарга намайг ажлаас хална гээд загнаад байна” гэсэн.  Удалгүй Тамгын газрын дарга Г.Мөнхцэцэг залгаад “Өргөдлөө буцааж авдаг чи хэн бэ. Ямар ёс зүйгүй юм” гэсэн. Хариуд нь “Намайг дарамталж өргөдөл бичүүлсэн та нар ёс зүйгүй юу. Өөрийгөө өмөөрсөн би ёс зүйгүй юу” гэж хариулсан. Намайг ажлаас халах нь тодорхой гэдгийг мэдээд өргөдлөө аваад буцсан.

-Удирдах ажилтны зөвлөгөөн тавдугаар сарын 26, 27-нд болоход та оролцож байсан. Тэр үед халагдах тушаал тань гараагүй байсан юм уу?

-МХЕГ-ын удирдах ажилтны зөвлөгөөн тавдугаар сарын 26, 27-нд Улаанбаатарт болсон. МХЕГ-ын дарга Б.Баасандоржтой тавдугаар сарын 18-нд уулзаж, өргөдлөө өг гэж загнуулснаас хойш би халагдах тушаалаа хүлээсэн.

Тавдугаар сарын 25-ны 17:00 цаг хүртэл тушаал хүлээгээд ирэхгүй болохоор нь “Тушаал гараагүй байхад ажил үүргээ гүйцэтгэхгүй, зөвлөгөөнд ирсэнгүй” гэж хэлнэ гэж бодоод Улаанбаатарт ирсэн. Зөвлөгөөндөө иртэл миний нэр бүртгэлтэй байсан. Би МХЕГ-ын дарга О.Балжинням гэсэн бичигтэй сандал дээр суусан.  АТГ-т шалгагдаж байгаа даргын оронд  үүрэг гүйцэтгэж байсан учир ажлаа өгөх бэлтгэлтэй байсан.

-Тэгээд халагдах тушаал тань гарсныг хэзээ мэдсэн юм бэ?

-Өмнөх даргын хүний эрхийг зөрчсөн хэрэгт гүтгэсэнд би дургүйцсэн. МХЕГ, ХЭҮК-т хандаад нэмэргүй байсан тул ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржтой зөвлөгөөний үдийн цайны цагаар уулзсан.

Би “ХЭҮК-ын Сүхбаатар дахь салбарын ажилтан намайг гүтгээд, хүний эрхийн зөрчил гаргасан мэт удирдлагуудад ойлгуулсан. ХЭҮК-т гурван удаа гомдол гаргалаа. Гэтэл ямар ч хариу өгөөгүй. Одоо би яах ёстой вэ” гэсэн. 

Тэр миний дэргэд МХЕГ-ын дарга Б.Баасандоржтой утсаар яриад “Сүхбаатар аймгийн МХГ-ын дарга надтай ирж уулзлаа. Энэ хүнийг чөлөөлөх талаар ярьж байгаа юм байна” гэтэл Б.Баасандорж “Наад хүний чинь халагдах тушаал гарчихсан” гэж хэлсэн.

Миний тушаал гараагүй учир би удирдах ажилтны зөвлөгөөнд сууж байгаагаа хэлсэн. Тэгвэл Б.Баасандорж “Яагаад худал яриад байгаа юм” гэхээр нь би “Угаасаа хүн бүрт худал яриад байгаа” гэдгийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид хэлсэн. МХЕГ-ын дарга миний тушаал гарсан гэж худал хэлснээ үнэн болгохын тулд 27-ны орой зөвлөгөөний дундуур Тамгын газрын дарга нь намайг дуудсан.

Гараад очтол “Захиргааны актын мэдэгдэх ажиллагааны тэмдэглэл” надад өгсөн. Чөлөөлөгдөх ёстой юм байна гээд бичигт нь гарын үсгээ зураад нэг хувийг нь авсан. Тушаалаа хартал тавдугаар сарын 20-нд намайг чөлөөлчихсөн байсан. Ийн М.Өлзиймөнхийн худал  гүтгэлэг ХЭҮК-ын дэмжлэгтэйгээр намайг ажлаас халахад хүргэсэн юм. Хууль хяналтын байгууллага бүгд миний эсрэг ажиллаж эхэлснийг  их урт гар явж байна гэж харж байгаа. М.Өлзиймөнх гэмт үйлдлээ нуун дарагдуулахын тулд ийм асуудал үүсгэлээ гэж би хардаж байна.

Шүүхийн шийдвэр М.Өлзиймөнхийн талд гарах  эсвэл замхраад өнгөрдөг юм бол төрийн байгууллага яаж ажилласныг бүх баримттай нь дэлгэнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 109 (6841)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.