Нийслэлийн нийтийн тээвэрт сүүлийн 10 жил томоохон парк шинэчлэл хийгээдээгүй. Иймээс Засгийн газар нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлэх шинэчлэлийн талаар хэлэлцэж, 2024 он гэхэд бүрэн шинэчлэл хийхээр болсон. Үүний эхлэл болгож 91 автобус оруулж ирсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй холбогдох албаныхан нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд нийлүүлсэн автобуснуудыг газар дээр нь очиж үзэн танилцлаа.
Парк шинэчлэлийн хүрээнд оруулж ирсэн автобуснуудын 61 нь энгийн, 10 нь цахилгаан хөдөлгүүртэй хоёр давхар автобус, 20 нь хүүхдийн сургуулийн автобус юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:
-Нийслэл Улаанбаатар хот бол хүн амын 50-иас илүү хувь нь аж төрдөг, нийгэм, эдийн засгийн гол цогцолбор төв юм. Тийм учраас Улаанбаатар хотод өнгөрсөн 30 жилийн алдаагаа засах, хууль эрх зүйн зохицуулалтаа зөв болгох, эдийн засгийн боломжоо тэлэх, хүний нөөц дээр суурилсан реформ хийх зэрэг ажлуудыг хийж байна. Энэ бүхний үр дүнд Улаанбаатар хотын төсвийн хөрөнгө оруулалт 840 тэрбум орчим төгрөгөөр нэмэгдсэн байх жишээтэй. Энэ нь Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс бодлогын зоригтой шийдэл гаргаж өгсөнтэй холбоотой. Улаанбаатар хотод 2022-2024 онд нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл хийнэ. Нийтдээ 1500 орчим шинэ автобус оруулж ирэх юм. Эхний автобуснууд орж ирээд, нийтийн тээврийн үйлчилгээнд гарахад бэлэн болж байна. Энэ зундаа багтаагаад наймдугаар сарын 25-ны дотор 300 орчим автобус оруулж ирэх юм. Маршрутын зөв төлөвлөлт, дахин инженерчлэл хийнэ. Улаанбаатар хотод замын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, тээврийн хэрэгсэлд хөдөлгөөний мэдрэгчүүдийг байршуулах зэргээр хийх ажил олон бий. Ингэснээр нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн автобус болон хүүхдийн автобус зорчих юм. Нийтийн тээврийн хувьд маршрутын давхцалгүй богинын тээвэр бий болгоно. Энэ бүхнийг хийж хэрэгжүүлэх хөрөнгө санхүүг босгоно. Бидэнд гарц шийдэл байгаа. Цогц шийдлээр алсдаа Улаанбаатар хотын замын түгжрэлийг 50 хүртэл хувиар бууруулна гэсэн юм.
Хүүхдийн автобусны хувьд БНХАУ-д үйлдвэрлэсэн, 53 хүний суудалтай, цонхнууд цантахгүй давхар шилтэй. Халаалтын систем, агааржуулагчтай, чанга яригч системээр тоноглогджээ. Харин их багтаамжийн автобусны хувьд 87 хүний багтаамжтай, цонхнууд мөн үл цантах давхар шилтэй. Нийт есөн халаах төхөөрөмжтэй, агааржуулагчтай, камерын системээр тоноглогдсон. Зорчигчдыг галын аюулаас урьдчилан сэргийлэх автомат гал унтраагчаар тоноглогдсон бөгөөд тусгай хэрэгцээт иргэдийг тээвэрлэхэд зориулсан шат, тэргэнцрийн бэхэлгээтэй. Зогсож үйлчлүүлэх зорчигчдод зориулан халтирдаггүй кварцан шалыг хийжээ.
Цахилгаан хөдөлгүүртэй, хоёр давхар автобус нь 70 суудалтай бөгөөд тусгай тэргэнцрийн хэсэгтэй, зорчигчийн сандал хоорондын зайд бариултай, автомат гал унтраагчтай, хяналтын дэлгэцтэй. Мөн хяналтын системээр тоноглогдсон.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үйлдвэрээс гарсан үнэ , улсад хүлээлгэж өгөх үнийг харьцуулж үзэхсэн . Сайхан нийтийн унаатай болсонд баярлалаа . Баян хүн болох гэж, хүний нэг машин унаж , түгжирж зовж явахаар автобусандаа сууж яв . Нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөл , дугаараар нэмж явуулахыг хорь . ХХК-ууд ажилчидын автобус олноор явуул .
sumya oyuk 2 uursduu ehleed avtusaaraa yavdag bolmoor bnaa. daraa ni humuusiig urialval ysn yum be