Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2022.05.31/ болов.
Уг өргөмжлөлийг Япон Улс, Монгол Улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллагад олгодог юм.
Энэ удаа доорх таван эрхэмд энэхүү өргөмжлөлийг гардуулав.
Эмерит профессор Нарангэрэл нь хууль зүйн шинжлэх ухааны доктор, академичийн хувиар хууль эрх зүйн боловсрол судалгааны чиглэлээр олон жил амжилттай ажиллаж ирсэн. Ялангуяа Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн захирлаар ажиллаж байхдаа Нагояагийн Их Сургуультай эрдэм шинжилгээний харилцааг хөгжүүлж, 2006 онд Япон эрх зүйн боловсрол, судалгааны төвийг байгуулахад хүчин зүтгэх зэргээр өнөөг хүртэл хоёр орны эрдэм шинжилгээний харилцааг өргөн хүрээтэй манлайлан авч явж ирсэн билээ.
Профессор Цолмон нь Монгол дахь амьдралын орчин хүнд байсан 1990 оны сүүл 2000 оны эхэн үеэр Монголын түүхийг судалж буй япон оюутан зэрэг хүмүүсийг Шинжлэх Ухааны Академи болон Улаанбаатарын Их Сургуульд хүлээн авч тэдний эрдэм ном төдийгүй аж амьдралд нь тусалж дэмжиж ирсэн билээ. Профессор Цолмоны шавь нар одоо Токиогийн гадаад судлалын их сургууль, Ямагата их сургууль зэрэгт профессорын хувиар багшилж амжилттай ажиллахаас гадна ихэнх нь Монголтой холбоотой ажил эрхэлж хоёр орны харилцааны хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байгаа юм.
Профессор Сувд нь 1976 оноос хойш Монгол Улсын Их Сургуульд Японоос суралцахаар ирсэн олон япон оюутан, Гадаад хэргийн яамны монгол хэлний мэргэжилтний монгол хэлний боловсролыг хариуцан ажиллаж, Япон, Монголын харилцан ойлголцлыг хөгжүүлэхэд хичээл зүтгэл гаргаж ирсэн билээ. Профессор Сувд миний монгол хэлний ачит багш юм. Сувдаа багштай холбоотой хамгийн сайхан дурсамжийн нэг бол багшаар хуушуур хийхийг заалгаж байсан явдал юм.
Профессор Энхжаргал нь Японд эзэмшсэн япон хэлний чадвараа ашиглан 2002 оноос хойш Монгол Улсын Их Сургуульд япон хэлний багшийн хувиар олон оюутнуудад япон хэлний боловсрол олгохын зэрэгцээ 2015 оноос хойш Батлан хамгаалах яамны Чадавхийг дээшлүүлэх хөтөлбөрийн орчуулагчийн хувиар тус хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан. Мөн Монгол дахь япон хэлний боловсрол, япон судлал зэрэг япон хэлтэй холбоотой олон бүтээл нийтлэл, эрдэм шинжилгээний ажил хийж Монгол, Японы харилцан ойлголцолд ч хувь нэмрээ оруулсан билээ.
Дэд профессор Майсүлд нь Японд эзэмшсэн япон хэлний чадвараа ашиглан 2006 оноос хойш Монгол Улсын Их Сургуульд япон хэлний багшийн хувиар олон мянган оюутнуудад япон хэлний боловсрол олгохын зэрэгцээ 2018 оноос хойш Батлан хамгаалах яамны Чадавхийг дээшлүүлэх хөтөлбөрийн орчуулагчийн хувиар тус хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан. Мөн Японы нөхцөл байдал зэрэг япон хэлтэй холбоотой олон бүтээл нийтлэл, эрдэм шинжилгээний ажил хийж Монгол, Японы харилцан ойлголцолд ч хувь нэмрээ оруулсан билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.