Хөгжлийн банкны гэх хэрэгт яллагдагчаар тооцсон УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарт хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар НПГ-ын хяналтын прокурорын саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг Эрүүгийн хуулийн 22.4-6 дахь хэсгийн “Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан”, 22.10-2-т заасан “Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй” гэсэн үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа юм. Тус шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хэрэгт холбоотой нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Тодруулбал, түүнтэй хамт хэрэгт холбогдсон буюу хахууль өгсөн, дамжуулсан хоёр яллагдагч, хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгсөн таван гэрчтэй уулзахыг хязгаарласан байна.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Хөгжлийн банкнаас зээл авсан аж ахуйн нэгжийн удирдлагаас хахууль авч, орон сууц болгоод түүнийхээ мөнгийг угаасан үйлдэлд буруутгагдаж буй бөгөөд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэнтэй уулзахгүй, “Би хахууль аваагүй” гэсэн мэдүүлэг бичиж өгсөн аж.
УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг Эрүүгийн хуулийн 22.1-2-т заасан албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн яллагдагчаар татсан бөгөөд шүүх мөн л хилээр гарахыг нь хязгаарлах захирамж гаргасан юм. Түүнийг бусадтай уулзахыг хязгаарласан хэмээн мэдээлж, зарим хэвлэлд Г.Амартүвшин, Г.Дамдинням нартай уулзахыг хязгаарласан гэсэн мэдээлэл цацаж буй нь ташаа гэдгийг прокурорын болон мөрдөн шалгах байгууллагынхан өгүүллээ. Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээний мэдээлэл хоорондоо холилдон Х.Ганхуягийг бусадтай уулзахыг хязгаарласан гэж мэдээлсэн нь буруу гэдгийг ч шүүхийн эх сурвалжууд тодотгосон юм.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг мөн хилээр гарахыг хязгаарлах прокурорын саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд өчигдрөөс энэ дагуу шийдвэрлэв. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкнаас зээл өгөхдөө бусдад давуу байдал олгосон хэргийг бүлэглэж үйлдсэн хэмээн яллагдагчаар тооцоод байна. Түүнийг БНСУ руу эмчилгээнд явсан учраас шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг өнгөрсөн баасан гарагт өмгөөлөгч нь гаргасан байдаг. Харин Г.Амартүвшин цахим мэдээллийн хэрэгслийн сурвалжлагчид “Би хилээр гарч яваагүй” хэмээсэн нь түүний өмгөөлөгч худлаа хэлж шүүн таслах ажиллагаанд саад учруулсан уу, эсвэл үнэхээр хил давж явчихаад амралтын өдрүүдэд ирсэн үү гэх эргэлзээг олон нийтэд төрүүллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.