УИХ дахь Монгол Ардын намын бүлэг ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-Хурлаар нэг асуудал хэлэлцсэн. УИХ-ын хаврын чуулган долдугаар сард завсарлахаар байна. Түүнээс өмнө хэлэлцэх шийдвэрлэх шаардлагатай хуулийн төслүүдийн талаар тодорхой шийдэлд хүрсэн.
УИХ-ын тухай хууль болон Дэгийн хуулиар чуулган 75 хоног хуралдах ёстой. Долдугаар сарын 1 гэхэд энэ хоног нь гүйцнэ. Бид долдугаар сарын 8 хүртэл хуралдах болов уу гэж төлөвлөж байгаа.
Хэд хэдэн том хуулийн төслийг хэлэлцэх шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Тухайлбал, Хууль зүйн байнгын хороон дээр байгаа Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зэрэг дөрвөн хуулийг хаврын чуулганы хугацаанд багтаан хэлэлцэнэ.
Мөн Үндэсний баяр наадмын тухай хуулийг наадмаас өмнө батална. Хоёр хуулийн төсөл байгаа. Нэг нь Засгийн газраас өргөн барьсан. Нөгөөг нь Х.Болорчулуун нарын гишүүд өргөн мэдүүлсэн. Эдгээр хуулийн төсөлд Ж.Мөнхбат гишүүнээс ахлуулсан ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа. Цаад хугацаа зургадугаар сарын 20 гэхэд батлах шаардлагатай гэж үзсэн.
Төрийн албаны тухай гурван хуулийн төсөл бий. Н.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг эдгээр хуулийн төслийг нэгтгэн боловсруулж байгаа.
Эдийн засгийн байнгын хороон дээр Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай, Далай ашиглах, Зөвшөөрлийн тухай, Банк бус санхүүгийн байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг хууль, тогтоолын төслүүд байгаа. Эдгээрийг хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн.
Мөн Засгийн газраас хэдэн хэдэн хуулийн төслийг яаралтай өргөн барих шаардлагатай гэж үзэж байгаа. Тодруулбал, Эдийн засгийн шинэчлэлийн хүрээний хуулийн төслүүд байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн өмчит компаниудын тухай, Газрын тухай багц хууль, Баялгийн сангийн тухай хуулийн төслүүдийг өргөн барьж, УИХ хэлэлцэх эсэхийг шийдэж ажиллах ёстой гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдэж, дэмжлээ гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.