Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Горхи, Тэрэлжийн болон Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай нутагт байрлах 100-гийн рашааны орчимд газар олгосныг нутгийн иргэд ихэд эсэргүүцэж, хууль бусаар газар олгосон албан тушаалтныг шийдвэрээ цуцлахыг шаардаж эхэлжээ.
Тэрэлжээс 40км гаруй зайтай, Дунд Баянд 100-гийн рашаан буюу нутгийн зарим иргэн 100-гийн мараа гэж нэрлэдэг газрын эхэнд, дээрх рашааны ундаргаас 200 хүрэхгүй метр зайд газар олгож, тэнд нь нэгэн малчин өвөлжөөгөө барьж эхэлсэн аж.
Уг нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд, дархан цаазат газарт өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн барилга байгууламж барих, зохих зөвшөөрөлгүйгээр мал бэлчээрлүүлэхийг хориглохоор хуульчилсан. Тэнд Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга А.Мөнгөнбаяр өвөлжөөний зориулалтаар газар олгосон байж болзошгүй байгаа бөгөөд хэрэв тэрбээр хууль зөрчин бусдад давуу байдал үүсгэн газар өгсөн нь батлагдвал АТГ-т шалгуулахаар нутгийн иргэд хандахаа илэрхийлсэн юм.
Тухайн газар нь хандгай, буга, гөрөөсний идээшлэн бэлчдэг нутаг бөгөөд байгалийн дахин давтагдашгүй тогтоцтой рашаан, мараатай эл хэсэгт өвөлжөө барьж, малын хөлд талхлагдсанаар Дунд Баяны гол бохирдож, татрах, ойр хавийн мод, бургас шингэрч, хандгай, буга, гөрөөс мараагүй болно хэмээн иргэд хэлж байна.
Тиймээс Эрдэнэ сумын Засаг дарга А.Мөнгөнбаяр зөвшөөрөл өгсөн бол түүнийгээ цуцлах, өгөөгүй бол тэнд хууль зөрчин өвөлжөө барьж байгаа явдлыг зогсоохыг иргэд шаардаж байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.