“ANIMALS AUSTRALIA“ байгууллагын дэмжлэгтэйгээр хүрэн баавгайн гурван бамбаруушийг байгальд нь буцаан тавилаа
Хөвсгөл аймагт өнгөрсөн жил баавгай болон бамбарууш төв суурин газарт орж ирж айлын малд халдсан тохиолдлууд хэд хэд гарсан. Энэ нь Сибирийн ой шатсан, зун нь самар жимс ховор байсан зэргээс шалтгаалан орогнох газар идэх хоолгүй болсон баавгай байгалийн жамаараа ичиж, нутагшиж чадахгүйд хүрсэн байна.
Өнгөрсөн намар Ховд аймаг болон Хөвсгөл аймгийн Түнэл, Цагаан-Уул сумдын нутгаас олдсон хүрэн баавгайн гурван бамбаруушийг эх байгальд нь буцаан тавих ажиллагааг амжилттай зохион байгуулав. Уг баавгайн бамбаруушуудыг өнгөрсөн 10 сар орчмын хугацаанд БОАЖЯ-ны харьяа, Хөвсгөл аймгийн Улаан тайгын Тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчид асран тэжээж, өдийг хүрчээ.
Австрали улсын “Animals Australia“ байгууллагын дэмжлэгтэйгээр эдгээр баавгайн бамбаруушуудыг нисдэг тэргээр зөөвөрлөн их тайгад нь буцаасан юм.
Үүнээс гадна Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин айлд 2021 оны 5 дугаар сард эхээсээ төөрсөн бамбарууш ирснийг нутгийн байгаль хамгаалагчид асран хамгаалж, бие даан амьдрах чадвартай болгоод 7 сард тайгад нь тавьсан юм.
Хүрэн баавгай Монгол орны Хөвсгөл, Хэнтийн нурууны зүүн бие, Монгол дагуурын хээрийн Улз, Онон гол, Монгол Алтайн баруун хойт хэсэг, Их Хянганы салбар уулсын тайга, ойт уулсаар тархжээ. Биологийн хүрээлэнгийн 1986 онд гарсан судалгаагаар Хэнтий, Хөвсгөлд хүрэн баавгайн нөөц 500 орчим байжээ.
2017 оны ерөнхий агнуур зохион байгуулалтаар тус аймгийн Дадал, Биндэр, Батширээт, Өмнөдэлгэр сумдын 5477.6 км2 нутагт 132±7 толгой хүрэн баавгай 1000 га-д 0.8 бодгаль ногдох нягтшилтай байна.
Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор баталсан ховор амьтны жагсаалтад бүртгэсэн, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенцийн II хавсралтад бүртгэгдсэн. Тархац нутгийн 21 орчим хувь улсын тусгай хамгаалалттай нутагт хамрагдсан.
Тархац, нөөц, биологи экологи онцлогийг тусгайлан судалж, хамгаалах арга боловсруулах, байршил нутаг дахь хүний дам нөлөөллийг бууруулах арга хэмжээ авах, амьдрах орчны доройтлоос сэргийлэх, тархац нутгийг хамгаалалтад авах, зах зээл дээрх баавгайн бүтээгдэхүүний хууль бус худалдааг таслан зогсоох, ган, зудын гамшигт нэрвэгдсэн үед нэмэлт тэжээл тавьж өгөх, удмын санг хадгалах зэргээр хамгаалах арга хэмжээг авдаг байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Buyantai uils shuu, yadaj ene Mongoliin tor zasag ni iim yumand sanhuujilt ogdog boloosoi