СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-27

Зураг төслийнхөн дунд Өндөржилтийн “Дуяа” эгч гэж алдаршсан гавьяат үйлстэн Ш.Дуламсүрэн таалал төгсчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

МОНГОЛ УЛСЫН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР ШАРАВЫН ДУЛАМСҮРЭН

(1944-2022)

Бидний дотны нөхөр, хань, хайрт ээж Шаравын ДУЛАМСҮРЭН нь 2022 оны тавдугаар сарын 21-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

Ш.Дуламсүрэн нь 1944 онд Архангай аймгийн Түвшрүүлэх суманд төрсөн. 1961 онд Дорноговь аймгийн 10 жилийн дунд сургууль, 1966 онд ЗХУ-ын Москва хотын Геодезийн инженерийн дээд сургуулийг Инженер геодезист мэргэжлээр төгссөн.

1966-1997 онд Барилгын Зургийн Төв Инсистутийн ерөнхий төлөвлөгөөний товчоонд өндөржилт, улаан шугамын инженер, ахлах инженер, группын дарга, 1998-2010 онд Нийслэлийн Хот төлөвлөлт, зураг төслийн хүрээлэнд инженер, 2010 оноос Барилгын зураг төслийн “ББСМО” ХХК-д зөвлөх инженерээр ажиллаж байлаа.

Тэрээр барилгын салбарт тасралтгүй 56 жил ажиллаж, барилгын болон барилгын зураг төслийнхөн дунд Өндөржилтийн “Дуяа” эгч гэж алдаршсан гавьяатай үйлстэн байлаа.

1990 оноос Монгол улсын хот, сум, суурин хорооллуудын ерөнхий төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд боловсруулагдсан бүх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний өндөржилт, улаан шугам картограммын тооцоо, зураг төслийг мэргэжлийн өндөр дээд түвшинд хийж гүйцэтгэсэн. Түүний гардан хийж гүйцэтгэсэн бүтээлүүдээс дурьдвал:

Нийслэл Улаанбаатар хотын 2020 он, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага баримт бичиг боловсруулах ажил,

Чингис хаан нисэх онгоцны буудал, Засгийн газрын ордны өргөтгөл, Сүхбаатарын талбайн тохижилт,

Улаанбаатар хотын шинэ төв, Голомт хотхон, Шангрилла, Мобиком, Хөшгийн хөндийн нисэх буудал, Цонжинболдог цогцолбор, Морьт баатруудын 10000 хөшөө,

Монгол улсын хот, сум, суурин хорооллуудын хэдэн зуун хөгжлийн ерөнхий төлөвлөгөө,

Нарны зам, Бага тойруу Шар хад гэх мэт 30 гаруй авто замуудын өндөржилт улаан шугамын ажлыг хийж гүйцэтгэжээ.

Тэрээр өөрийн мэргэжлээрээ шинэ залуу үе, залгамж халаагаа бэлтгэхэд онцгой анхаарч олон шавь нарыг дагалдуулан сургахаас гадна заавар гарын авлага боловсруулан Монголын улсын барилгын хөгжилд өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулсан мэргэжил нэгт нөхдийнхөө дунд өндөр нэр хүндтэй шилдэг тэргүүний сэхээтэн байлаа.

Барилгын зураг төслийн салбарт түүний гүйцэтгэсэн үүрэг, ажил хөдөлмөрийг төр засгаас үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Тэргүүний барилгачин, Нийслэлийн Хангарьд одон, Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбооны нэрэмжит шагнал, Зураг төслийн тэргүүний ажилтан хүндэт тэмдэг, Оюунлаг ээж хүндэт өргөмжлөлөөр шагнаж байлаа. 

Ховор нарийн мэргэжилтэй, баялаг туршлагатай, туйлын хичнээнгүй, хөдөлмөрч, нөхөрсөг, хүний дээд, эрхэм сайхан зан, төлөв даруу дүр төрх нь бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөн үлдэх болно.

 ХАНЬ,ҮР ХҮҮХДҮҮД, ТӨРӨЛ ТӨРӨГСӨД

АЖЛЫН ХАМТ ОЛОН

2022.05.25

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Btsbb
2 жилийн өмнө
66.181.183.62

Гүн эмэгнэл илэрхийлье Ум мааниы бадмий хум

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.