Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүний хамт Шивээхүрэн-Сэхэ боомтын үйл ажиллагаа, ачаа шилжүүлэн ачиж, буулгах терминалын бүтээн байгуулалттай танилцлаа.
Цар тахлын улмаас 2021 оны аравдугаар сараас үйл ажиллагаа нь зогсоод байсан тус боомт энэ сарын 25-наас хэвийн ажиллаж эхэлсэн. Ингэснээр улс хоорондын тээвэрлэлт эхэлж, экспорт импортын урсгал саадгүй боллоо.
Тавдугаар сарын 25-нд боомтоор 220 чингэлэг нүүрс гарчээ. Ойрын хугацаанд өдөрт 400-500 чингэлэг буюу 16000 тонн нүүрс экспортолно. Шивээхүрэн-Сэхэ боомтын үйл ажиллагаа зогссоноос хойш тэнд 10 сая тонн нүүрс хуримтлагджээ. Хуримтлагдсан нүүрсийг богино хугацаанд гаргахаар төлөвлөжээ.
Шивээхүрэн боомтод 17 га талбайд чингэлэг тээврийн терминал байгуулах ажил хийгдэж байна. Бүтээн байгуулалт 87 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд энэ оны есдүгээр сард шинэ терминал бүрэн ашиглалтад орно. Ингэснээр зөвхөн уг талбайгаас жилдээ 17 сая тонн нүүрс экспортлох боломж бүрдэнэ. Тус ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг найман компани гүйцэтгэж байгаа юм. Тэр дундаа "Монголын Алт" ХХК манлайлан ажиллаж байна. Мөн Шивээхүрэн боомтод анх удаа жолоочгүй ухаалаг автомашинаар тээвэрлэлт хийх бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүтээн байгуулалтын ажилтай танилцах үеэрээ "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Шивээхүрэн боомтод хэрэгжих төслүүд хөдөлж байгаад баяртай байна. Бүтээн байгуулалтад оролцож буй аж ахуй нэгжүүдэд талархал илэрхийлье. Төлөвлөгдсөн ажлууд хэрэгжиж дууссанаар Шивээхүрэн боомтын нэвтрүүлэх хүчин чадал дөрөв дахин нэмэгдэж жилдээ 40 сая тонн нүүрс экспортлох боломж бүрдэнэ. Ер нь цаашдаа төр засгийн бодлого тогтвортой байх, гадаад харилцаа нэг цонхоор гардаг байх ёстой юм. Боомтуудыг цаашдаа цахимжуулж, энэ асуудал цэгцрээд явна. Хүний хүчин зүйлс авлига, хүнд суртал шийдэгдэнэ гэж хэлж болно. Энэ жилдээ багтаагаад нүүрс, зэсийн экспортын гарцыг дөрөв болгон нэмэгдүүлнэ. Ирэх жилүүдэд нүүрс, зэсийн 12 гарцтай болохоор төлөвлөж байна. Боомтуудаа эрэмбэлж боомтын сэргэлтийг хэрэгжүүлнэ гэв.
Монгол Улсын Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого"-д Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн шинэ төмөр замын сүлжээ байгуулах, Шивээхүрэн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ачаа тээврийн терминал байгуулах төслүүд багтсан. Энэ ажил эхнээсээ хэрэгжиж орчин үеийн технологи бүхий ачаа тээврийн терминал Шивээхүрэн боомтод ашиглалтад ороход бэлэн боллоо. Мөн тус боомтод PCR шинжилгээний лаборатори, ариутгах байгууламж ашиглалтад оржээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.