ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины өмнөд хэсгийн Запорожье, Херсон мужуудын оршин суугчдад Оросын иргэншил олгох журмыг хялбарчлах зарлигт өнгөрөгч лхагва гарагт гарын үсэг зурсан билээ. Тэгвэл Киевийн эрх баригчид энэхүү алхмыг олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн явдал гэж мэдэгдэн, Кремлийг "гэмт хэрэг" үйлдсэн гэж буруушаажээ.
Украины Гадаад хэргийн яамны мэдэгдэлд "Хууль бусаар паспорт олгож буй явдал нь Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэм хэмжээ, зарчмуудыг бүдүүлгээр зөрчиж байна. Оросын армийн эрх мэдэлдээ оруулсан бүс нутгуудыг тус улсын хууль эрх зүй, улс төр, эдийн засгийн талбарт нэгтгэх гэсэн дайны зорилгыг Москвагийн энэхүү санаачилга илтгэж байна" хэмээн тэмдэглэсэн байна.
Херсон муж Оросын цэргүүдийн бүрэн хяналтад байгаа бол зүүн өмнөд хэсгийн Запорожье мужийн зарим хэсэг Москвагийн мэдэлд орсон. Тэгвэл эдгээр хоёр бүс нь удахгүй ОХУ-ын нэг хэсэг болж магадгүй гэж Кремлийн эрх баригчид мэдэгдсэн юм. Москвагаас томилсон Херсон мужийн орлогч дарга Кирилл Стремоусов "ОХУ энд урт удаан хугацаанд биш, харин үүрд мөнх оршихыг паспортын хялбаршуулсан систем харуулж байна. Оросын түүхэн газар нутгийг чөлөөлж, орос оршин суугчдыг нь хамгаалж буй Ерөнхийлөгч Владимир Путины бидний төлөө хийсэн бүх зүйлд бид маш их талархаж байна" гэж "Риа Новости" агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.
ОХУ-ын иргэншилтэй болох хүсэлтэй иргэдийн өргөдлийг гурван сарын дотор хянан шийдвэрлэх ба Херсон мужид паспорт олгох төвүүдийг нээхээр ажиллаж байгаа аж. Тус мужид мөн өнгөрөгч даваа гаргаас эхлэн рублийг албан ёсны мөнгөн тэмдэгт болгосон байна.
Ерөнхийлөгч Путин үүнтэй ижил төстэй журмыг Украины зүүн хэсгийн Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улсад 2019 оноос хойш хэрэгжүүлж байгаа бөгөөд үүний хүрээнд эдгээр бүсийн хэдэн зуун мянган иргэн аль хэдийн Оросын паспорттой болжээ. Уг журмын дагуу, өргөдөл гаргагч нь ОХУ-д амьдарч байсан байх шаардлагагүй бөгөөд орос хэлний шалгалт өгч, санхүүгийн байдлаа ч нотлох хэрэггүй аж.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Аугаа орос орны иргэн болно гэдэг бол хойч үедээ маш том хөрөнгө оруулж байгаа хэрэг.
Za deerengu buduuleg uil yavdal.