Боловсролын үнэлгээний төв багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан үнэлгээний шалгалтыг 2022 оны тавдугаар сарын 24-27-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулах болсныг өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дараах тайлбарыг өгсөн юм.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:
-Боловсролын салбарын шинэчлэлийн амин чухал ажлын нэг болох үнэлгээний ажил эхэлж байна. Үнэлгээ бол шалгалт биш. Бид багш нараас шалгалт авч, багш нарыг хооронд нь эрэмбэлэх үнэлгээ биш юм. Харин Монгол хүүхдүүдэд чанартай боловсрол олгох явдал юм. Багшийг өөрөө өөртэй нь харьцуулах үнэлгээг хийж байгаа гэж ойлгож болно.
Шинэ хичээлийн жил эхлэхэд тухайн багшид гарсан ахиц, дэвшил хүүхдүүдийн боловсролын чанарын үзүүлэлт зэргийг хичээлийн шинэ жил дуусахад хэрхэн сайжирсан зэргээр хэмжих буюу үр дүнд суурилсан санхүүжилт рүү орж байна гэсэн үг.
“Үнэлж чадахгүй бол хэмжиж чадахгүй, хэмжиж чадахгүй бол хянаж чадахгүй, хянаж чадахгүй бол удирдаж чадахгүй” гэх үг бий. Өндөр гүйцэтгэлтэй багш, өндөр цалин урамшуулал авах цоо шинэ ажлууд ийнхүү эхэлж байна.
Багш нар өндөр цалин авахыг хүсвэл гүйцэтгэлд идэвхтэй оролцож, үр дүнгээрээ тасралтгүй хөгжих боломжтой. Үүнийг боловсролын салбарын төсвийн шинэчлэлийн гол ажил гэдэгт найдаж байна гэв.
Дашрамд дурдахад, үнэлгээний шалгалтад хангалтгүй оноо авсан багш нарт ямар нэгэн хариуцлага тооцохгүй, сургуулийн удирдлагууд багш нарыг энэ шалтгаанаар халах, солих эрхгүй. Шалгалтын оноо багшид шийтгэл хүлээлгэх, ажлаас халах шалтгаан, үндэслэл болохгүйг Боловсролын үнэлгээний төв онцолж байсан юм. Мөн хангалтгүй үнэлэгдсэн багшийг эцэг, эх, сурагчдад ил мэдээлэхгүй байхаар тогтжээ. Хангалтгүй үнэлгээ авсан багшийг цаашид хөгжүүлэх төлөвлөлтүүд гарч, мэргэжил, арга зүйн дэмжлэг өгөх, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих сургалтууд зохион байгуулагдах юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ТӨР багшийнхаа хөдөлмөрийг үнэлье гэж бодож Нэг ангид 30-40 сурагчтай баймааргүй бна. Ангийнхаа 40 хүүхдэд хүрч зааж чаддаг багш байдаггүй юм бна.Итгэл хүлээлгэсэн 10 гаруй хүүхэд л сурна уу гэхээс бусад нь бол тэгсгээд л сурсан нэртэй, сургасан нэртэй явдгийг байнаа. Ирээдүй,хойч үеэ бодож байгаа бол боловсролын салбартаа өөрчлөлт хийх хэрэгтэй.