СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хан-Уул дүүрэгт мод тарих ажил эрчимтэй өрнөж, энэ хавар 85918 мод тарьжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Хан-Уул дүүрэг "Ногоон хот-Иргэний оролцоо" мод тарих аяны хүрээнд ойн төгөл байгуулах, гэр хорооллын айл өрхүүдээ моджуулах зэрэг томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, энэ хавар 85918 мод тарьжээ.

Хан-Уул дүүргийн 10-р хороо 2476 өрхтэй. Үүний 1100 нь гэр хорооллын айл өрхүүд байгаа юм. Тэгвэл Ихэнх айлууд хашаандаа шилмүүст модноос гадна жимсний мод өргөнөөр тариалдаг байна. Учир нь өрхийн хүнсэндээ эрүүл хүнс хэрэглэхээс гадна тодорхой хэмжээг нь зах зээлд борлуулдаг байна. Тэдний төлөөлөл болох ХУД-ийн 10-р хорооны иргэн Ч.Цэцэгмаа, Ш.Нямжав нар хашаандаа чацаргана, үхрийн нүд зэргийг тариалжээ.

Өнгөрсөн оноос эхлэн Хан-Уул дүүрэг анх удаа тарьсан модыг бүртгэлжүүлж эхэлжээ. Өнгөрсөн жилд л гэхэд 2000 орчим мод тарьсан 200 орчим айлд паспорт буюу үнэмлэх олгосон бол энэ жил зөвхөн 10-р хороонд 120 орчим айлд үнэмлэх олгоод байгаа юм. Ингэснээр тухайн тарьсан модоо арчлах, услах зэрэгт хяналт тавьж байгаа нэг хэлбэр бөгөөд цаашлаад үл хайхарсан тохиолдолд хариуцлага тооцох арга хэмжээг ч авдаг гэлээ.

Хан-Уул дүүргийн хэмжээнд мод тарих “Ногоон хот-Иргэний оролцоо” аяныг энэ сарын 14, 15-ны өдрүүдэд тус дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр Айцын аманд зохион байгуулсан байдаг. Айцын аманд ойн төгөл байгуулахаар нийт 7 га талбайд 3900 гаруй мод тарьж, ойн төгөл байгуулах ажлын эхлэл тавигджээ. Цаашид Хан-Уул ЭКО дүүргийн Айцын амны 100 га талбайг иргэд, ААНБ-уудын оролцоотойгоор ойн төгөл байгуулах ажлыг үе шаттай зохион байгуулж, тарьсан модоо арчилж, ургуулах, хамгаалах тал дээр дүүргийн зүгээс онцгой анхаарахаа хэллээ. 

Мөн Хөдөө аж ахуйн их сургуультай хамтарч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад мод тарьж ургуулах, зөв арчилж хамгаалах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангахаар 41 сургагч багшийг багц сургалтад хамруулжээ. Сургалтад хамрагдсан багш нар мод тарьж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх юм. Түүнчлэн хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэхээр 250 мянган ширхэг цэцгийн үрсэлгээ, бойжуулалтын ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд ирэх сараас эхлэн ил талбайд тарихаар төлөвлөжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.