Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдсон албан тушаалтнууд, аж ахуйн нэгжийн удирдлага зэрэг хэд хэдэн хүний цагдан хорих хугацаа өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр дуусжээ. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн яллагдагчийг үргэлжлүүлэн хорих саналаа прокурор хүргүүлснийг өнгөрсөн баасан гарагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцлээ.
Тухайлбал, хахууль авсан, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон үндэслэлээр яллагдагчаар татагдсан Хөгжлийн банкны дэд бөгөөд Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан Б.Чойжилжалбуу, тус банкны гүйцэтгэх захирлын Ажлын албаны дарга асан Д.Дэлгэрсайхан нарыг өмгөөлөгч нар нь батлан даалтад гаргах саналаа шүүхэд илэрхийлсэн ч дээрх шүүхийн шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн үргэлжлүүлэн нэг сар хорих захирамж баталжээ. Б.Чойжилжалбууг өмнө нь гэрчийг дарамталж сүрдүүлсэн үндэслэл бүхий мэдээлэл байгаа, Д.Дэлгэрсайханыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан гэсэн үндэслэлээр цагдан хориод байсан билээ.
Мөн өнгөрсөн баасан гарагт дээрх шүүхэд Хөгжлийн банкнаас зээл аваад төлөөгүй, “Монгол драй милк”-ийн хамаарал бүхий хүн “Алтай групп” компанийг үүсгэн байгуулагч Х.Бат-Эрдэнийг цагдан хорих хугацааг сунгах саналыг хэлэлцэн шийдвэрлэж, таслан сэргийлэх уг арга хэмжээг үргэлжлүүлэхээр болжээ. Уг нь түүнийг өнгөрсөн хоёрдугаар сард “гэрчийг дарамталж, сүрдүүлсэн” нь тогтоогдоогүй гэж үзээд цагдан хорихоос татгалзаж, улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол прокурор, мөрдөх байгууллагынхан гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий мэдээлэл байгаа хэмээн дахин санал хүргүүлснээр ШШГЕГ-ын харьяа хаалттай хорих 461 дүгээр ангид саатуулсан билээ.
Тэднээс өмнө буюу өнгөрсөн пүрэв гарагт Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийг цагдан хорьсон хугацаа дуусаж буйтай холбоотойгоор цагдан хорих хугацааг нэг сарын хугацаагаар сунгах тухай саналыг НПГ-аас энэ сарын 18-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг хэлэлцсэн. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10-2-т заасан “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай” гэх үндэслэлээр энэ сарын 21-нээс тооцон нэг сарын хугацаагаар үргэлжлүүлэн хорихоор болов.
Хөгжлийн банкны гэх хэргийг шалгах АТГ-ын ажлын хэсгийнхэн 33 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 42 хүнийг яллагдагчаар татаад буй бөгөөд тэдний дотор компани, аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан 18, Хөгжлийн банкны захирал, дэд захирал, ТУЗ-д эрх бүхий албан тушаал хашиж байсан мөн тооны хүн багтсан билээ.
Харин улс төрд нөлөө бүхий зургаан хүнийг яллагдагчаар татсаны дотор УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нар бий бол Хөгжлийн банкны ТУЗ-д ажиллаж байсан хоёр дэд сайд багтсан гэх мэдээлэл байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.