“Батуконстракшн” компанийн захирал Э.Батзаяа ХБНГУ-ын иргэн Флориан вон Тухерын дөрвөн сая еврог залилсан үйлдлийг цагдаагийн байгууллагынхан өнгөрсөн оноос хойш шалгаж, гэм буруутай, эсэхийг нь тогтоолгохоор шүүхэд шилжүүлсэн ч өнөөг хүртэл шийдвэрлээгүй байна. Шүүхээс хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан бөгөөд мөрдөгчид шүүхийн даалгаврыг биелүүлэхээр шинжээч, аудитын дүгнэлт гарахыг хүлээж буй аж.
Дээрх компанийн захирал Э.Батзаяа нь Германы иргэнтэй хамтран ажиллахаар болж, “Герман Монгол пропертийз” ХХК-ийг манай улсад байгуулж, дөрвөн сая еврогийн хөрөнгөө оруулсан байна. Улмаар уг мөнгөөрөө барилга барьж эхэлжээ.
“Герман Монгол пропертийз”-ийг тэд 2015 онд байгуулсан бөгөөд Германы “GID GmbH” компани 51, “Батуконстракшн”-ыхан 49 хувийг нь эзэмшиж байгаад 2016 онд дахин нэг хөрөнгө оруулагч ХБНГУ-аас орж ирсэн аж. Ингээд “GID GmbH” компани дийлэнх хувьцааг эзэмшсэн хэвээрээ, нэмж орж ирсэн “E.F.I GmbH & Co. Projekt China 3 Kg” гэх аж ахуйн нэгж 24.96 хувийг нь эзэмшихээр манай улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байна. Гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсныхаа дараа Германы талаас 2016 оны дөрөвдүгээр сард дөрвөн сая еврог хамтарсан аж ахуйн нэгжийнхээ ХААН банкны дансанд шилжүүлсэн гэнэ.
Уг мөнгөөр Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг, Зайсангийн Бурхан багшийн хөшөөний ойролцоо 20 давхар хоёр блок барилга барьж эхэлсэн байна. Гэвч тухайн барилга барьж байсан талбайн газар ашиглах гэрчилгээний хугацаа дуусаж, МХЕГ-ын байцаагч нар очиж үйл ажиллагааг нь зогсоосон байдаг. Төд удалгүй дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдэж, олон улс хилээ хааж эхлэх үед Германы хөрөнгө оруулагч Флориан вон Тухер нутаг буцсан аж.
Түүнийг нутаг буцмагц Э.Батзаяа танил тал, хээл хахууль хэрэглэсэн үү, ямар нэг аргаар өөрийнхөө эзэмшлийн “Батуконстракшн” ХХК-ийн нэр дээр уг 20 давхар хоёр блок барилгын гэрчилгээг гаргуулан авсан байгаа юм. Ингээд “GID GmbH” болон “E.F.I GmbH & Co. Projekt China 3 Kg” хэмээх хамтарсан аж ахуйн нэгжээсээ зөвшөөрөл авалгүйгээр Д.Баянзул захиралтай “Глобал бридж констракшн” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан, барилгын ажлыг үргэлжлүүлж байшингаа бариулсан аж. Өдгөө дээрх хоёр блок барилга нь ашиглалтад орчихсон “Глобал бридж констракшн” компани тэндээ байрлаж буй юм.
Ийнхүү хөрөнгө оруулагчаа залилсныг мэдмэгц Герман улсын иргэн Флориан вон Тухер цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасны дагуу шалгаад Э.Батзаяад Эрүүгийн хуулийн 17.3-2.2 дахь хэсэгт заасан бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Улмаар НПГ-аас түүнийг яллагдагчаар татах тогтоол баталж, мөрдөн шалгах ажиллагааг нь дуусгаад Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Гэвч шүүхээс аудитын дүгнэлт эргэлзээтэй гэж үзсэн үү, юутай ч нэмэлт ажиллагаа хийлгэхийг даалгасан аж.
Прокурорын байгууллагын баттай эх сурвалжууд “Шүүхээс ШШҮХ-гийн Эдийн засгийн шинжээчээр дахин дүгнэлт гаргуулж баталгаажуулах, хэргийг шалгаж буй мөрдөх байгууллагын харьяаллыг дахин тодорхойлох, “Глобал бридж констракшн” ХХК тухайн барилгад хэдий хэмжээний хөрөнгөө оруулсныг нарийн тогтоох шаардлагатай гэж үзсэн. Үүний дагуу шинжээч томилон дүгнэлт гаргуулахаар ажиллаж байна. Бас хэргийн харьяаллыг тогтоохын тулд УЕПГ-т татаж хянаж эхэлсэн” гэсэн мэдээлэл өгөв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Заваан шуналтай шаар вэ.
Эцэг нь БОАЖЯ-ны сайд бсн…