Умард Солонгос өнөөдөр /2022.05.25/ Зүүн тэнгис рүү гурван баллистик пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын арми мэдэгджээ. Тодруулбал, Пёньяны Сунан бүсээс өглөөний 06:00, 06:37, 06:42 цагийн орчимд гурван пуужин харвасныг албаныхан илрүүлсэн байна.
БНСУ-ын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо сэтгүүлчдэд илгээсэн мэдэгдэлдээ "Манай арми АНУ-ын талтай нягт хамтран ажиллаж, хяналт, шинжилгээ, сонор сэрэмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бүрэн бэлэн байдалд байгаа" хэмээн тэмдэглэжээ. Ийнхүү Умард Солонгос улс энэ жил 17 дахь удаагаа пуужингийн туршилт гүйцэтгээд байна.
Энэхүү туршилт нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Ази дахь айлчлалаа дуусгасны дараахан тохиож байгаа билээ. БНАСАУ-д цар тахлын халдвар дэгдэж, эдийн засгийн хямрал үүсээд байгаа энэ үед тус улсын эрх баригчид цэргийн үйл ажиллагаагаа бэхжүүлж, үндэсний эв нэгдлийг чангатгахын тулд ойрын өдрүүдэд тив хоорондын баллистик пуужин харваж, эсвэл цөмийн туршилт хийж магадгүй гэж шинжээчид таамаглаж байсан юм.
Энэ удаагийн туршилт нь Умард Солонгосын хууль бус зэвсгийн хөтөлбөрөөс үүдэлтэй тогтворгүй байдлыг онцлон харуулж байгааг дурдсан АНУ-ын Энэтхэг-Номхон далайн командлал "Бид өнөөдрийн явдлын дараа холбоотнууд болон түншүүдтэйгээ нягт зөвлөлдөж, хамтарсан үнэлгээ хийж байна. БНСУ, Японыг батлан хамгаалах АНУ-ын амлалт чанга хатуу хэвээр байгаа" хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: Yonhap
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.