Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Цахим хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ танилцууллаа.
Цахим хөгжил, харилцааны холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ:
-Зургадугаар сарын 10-наас өмнө 21 аймгийн орон нутгийн үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байна. Улсын хэмжээнд 660 үйлчилгээ цахим хэлбэрт шилжээд байна.
Тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тоон гарын үсэг олгогдож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 80 мянган иргэн тоон гарын үсэг авсан байна. Иргэдийн хувьд гэрээ хэлцэл, банкны үйлчилгээгээ тоон гарын үсгээ ашиглаад биеэр очихгүйгээр авах боломж үүсэж байна. Хурууны хээгээр бус тоон гарын үсгээр бүх төрлийн үйлчилгээг авах боломж үүссэн.
Долдугаар сарын 1-нээс тоон гарын үсэг авах болгонд тухайн иргэний үндэсний цахим шуудан нээгдэнэ. Үндэсний цахим шуудан нь E-Mongolia платформ дээр суурилж хийгдэж байгаа бөгөөд энэхүү шуудан нь иргэдийг төрийн байгууллагатай шууд харьцах боломжоор хангана.
Иргэд төрийн байгууллагад хандахдаа заавал өргөдөл бичиж, эсвэл биеэр очих, 11-11 төв рүү заавал утасддаг байсан бол одоо и-мэйлээрээ шууд төрийн байгууллагатай харьцах боломжтой. Энэ нь эргээд санал хүсэлт гомдлынхоо хариуг цахимаар авах боломж үүсэж байгаа.
Европын улсууд төртэйгөө харьцдаг үндэсний и-мэйлүүдийн маш амжилттай жишээ бий. Нөгөө талаар иргэд гадны платформ, и-мэйлүүдийг ашиглаж байгаа нь бага учраас үндэсний и-мэйл ашигласнаар тоон бичиг үсгийн чадвар, цахим боловсрол дээр хувь нэмэр оруулах байх гэсэн хүлээлттэй байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.