АНУ-ын Техас мужийн Робб бага сургуульд 18 настай зэвсэгт этгээд халдаж, гал нээсний улмаас багадаа 19 хүүхэд амиа алдсан гэж орон нутгийн албаныхан мэдээлжээ. Халдагч этгээдийг хууль сахиулагчид хэргийн газар дээр хөнөөсөн байна.
Мужийн амбан захирагч Грег Эбботтын хэлснээр, амиа алдагсдын дунд мөн хоёр насанд хүрэгч байсан бөгөөд тэдний нэг нь багш байжээ. Халдлага гарсан Увалде хотод латинчууд ихээр амьдардаг бөгөөд эрх баригчид халдагчийг Сальвадор Рамос гэж тодорхойлсон юм.
Рамос 18 насны төрсөн өдрөөрөө цэргийн зориулалттай хоёр буу худалдаж авсан байсан бөгөөд Робб бага сургуульд ирэхээсээ өмнө эмээгээ хөнөөсөн гэж Техасын олон нийтийн аюулгүй байдлын хэлтсийн ажилтан Эрик Эстрада мэдээлжээ. Ингээд тэрээр сургууль дотор гал нээсний дараа ойролцоо ажиллаж байсан хилийн харуулын алба хаагч сургуульд нэвтрэн, улмаар Рамосыг хөнөөсөн байна. Тус алба хаагч нь буудалцааны үеэр шархадсан ч биеийн байдал нь тогтвортой байгааг хууль сахиулах байгууллагын эх сурвалж хэлсэн юм.
Энэхүү халдлагын улмаас хэдэн хүн шархадсан нь тодорхойгүй байгаа ч Увалде Мемориал эмнэлэгт 13 хүүхэд эмчлүүлж байгаа бол өөр нэг эмнэлэгт эмчлүүлж буй 66 настай эмэгтэйн биеийн байдал хүнд байгаа гэжээ. Ерөнхийлөгч Жо Байден энэ явдлын талаар ард түмэндээ хандаж үг хэлэхдээ галт зэвсгийн хэрэглээнд шинэ хязгаарлалт тогтоохыг уриалж, тууштай тэмцэхээ амласан аж.
Эх сурвалж: AP
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.