"Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн удирдлагын бүрэлдэхүүнд өөрчлөлт оржээ.
Тодруулбал, тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар гүйцэтгэх захирал О.Батнасанг өөрийнх нь хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Тэрбээр "Монголын төмөр зам" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны наймдугаар сарын 16-ны өдрийн хурлын 11 дүгээр тогтоолоор гүйцэтгэх захирлаар томилогдож байв.
Түүний оронд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан П.Ганхүүг томилжээ.
П.Ганхүү нь Эдийн засагч мэргэжилтэй. Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн их сургуулийг Эдийн засгийн ухааны магистр, Австрали Улсын Сиднейн их сургуулийг Олон Улсын бизнесийн магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн. Хуучнаар Дэд бүтцийн яам /одоогийн Зам, тээврийн хөгжлийн яам болон Эрчим хүч, Барилгын яамд орсон/-д мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн даргаар, Түлш, эрчим хүчний яамд хэлтэс, газрын даргаар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Эрчим хүчний газрын орлогч даргаар ажиллаж байв.
2016 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар томилогдон ажилласан. Монгол Улсын дэд бүтэц, эрчим хүчний салбарт 2001 оноос хойш ажилласан ажлын туршлагатай, мөн “Эрдэнэс монгол” ХХК-ийг удирдаж Гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Шинэ төмөр замын төслүүд, Тээвэр логистикийн бүс нутгийн төвүүд болон Экспортын гарцуудыг нэмэгдүүлэхэд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төслүүдийг хэрэгжүүлэх, тус компанийн засаглалыг сайжруулж, үр ашгийг нь дээшлүүлэх чиглэлээр ажиллах туршлагатай гэж үзэн П.Ганхүүг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилсон байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.