Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт” асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж эхэллээ.
Эхний хэлэлцүүлэгт Д.Үүрцайх, Н.Мягмарцоож, П.Амаржаргал, Т.Туяачимэг, Я.Төгөлдөр, Г.Чулуунбаатар, Б.Гүнбилэг, А.Цанжид нарын эрдэмтэн судлаачид, хуульчид саналаа хэллээ. Тэд
- Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг нийгмийн зөвшилцлийг ханган хийх нь зөв,
- Сонгуулийн тогтолцоог өөрчлөхөөс өмнө Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг шинэчлэн батлах шаардлагатай,
- Сонгуулийн тогтолцооноос илүү улс төрийн намын санхүүжилтийг хянах нь чухал асуудал,
- Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлага бодитоор үүссэн үү гэдэгт нухацтай хандах, хэрвээ тийм шаардлага үүссэн гэж үзэхгүй бол улс төрийн намууд хийгээд иргэдийн тавьж буй шаардлагыг органик хуулиар зохицуулах боломжтой
- Үндсэн хуулийн цэцийн шийдвэр буруу гарсныг ямар арга замаар, хэрхэн, яаж засах вэ гэдэгт толгойгоо уралдуулах шаардлагатай,
- Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулалгүйгээр сонгуулийн тогтолцоог Улсын Их Хурал ямар л бол ямар хэлбэрээр өөрчлөөд явах эрх нь бий,
- Гишүүдийн тоог нэмж, төвлөрсөн эрх мэдлийг сааруулах шаардлагатай гэх зэргээр өөрсдийн саналууд гаргалаа.
Улс төрийн намууд болон иргэдээс ирүүлсэн шаардлагуудын үндсэн дээр сонгуулийн тогтолцоог өөрчлөх боломжит ямар хувилбарууд байх вэ, сонгодог парламентын засаглалыг бэхжүүлэхэд Үндсэн хуулийн болон бусад органик хуулийн хүрээнд ямар өөрчлөлт хийж болох вэ зэрэг асуудлыг судалж буй аж
2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш гурван жилийн дараа дахин өөрчлөлт оруулахад хүрвэл чухам ямар үндэслэлүүд байна, эдгээр өөрчлөлтийг хийхгүй бол ямар сөрөг үр дагаварт хүрэх, өөрчлөлт хийснээр Монголын ардчилал, парламентын засаглалыг бэхжүүлэхэд ямар эерэг үр нөлөө авчрах вэ гэдэг тухайд итгэл үнэмшил бүхий, үндэслэл нотолгоотой дүгнэлтүүдийг гаргах үүргийг Ажлын хэсэг хүлээж буй.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага зайлшгүй байна уу гэдгийг энэ долоо хоногийн туршид эрдэмтэн, судлаачид, хуульчдаас гадна улс төрийн намуудын удирдлагууд, мөн ардчилсан Үндсэн хууль тогтоогчид зэрэг нийгмийн бүлгүүдийг оролцуулан хэлэлцүүлэг өрнүүлж, ярилцах бөгөөд дүнг нэгтгэн Байнгын хорооны хуралдаанд танилцуулах ажээ.
Энэ хүрээнд ирэх лхагва гаригт улс төрийн намуудын удирдлагууд, баасан гаригт ардчилсан Үндсэн хууль тогтоогчдыг оролцуулан хэлэлцүүлэг өрнүүлэх чиглэлтэй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.