УИХ дахь Монгол Ардын намын бүлэг хуралдаж, мэдээлэл хийлээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-Энэ удаагийн хурлаар гурван асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, хоёрдугаарт нь, төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, гуравдугаарт, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хувьчлал хүчингүй болгох тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр манай бүлэг завсарлага авсан. Энэ асуудлыг бүлэг өнөөдөр хэлэлцээд хуулийн төслийг өөрчлөх гэдэг дээр байр сууриа нэгтгэх шаардлагатай байна. Ажлын хэсэг дээрээ энэ хуулийн төслийн 34-р зүйл буюу “Улс орны нийгэм, эдийн засгийн томоохон төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг гэрээ байгуулан сонгоно” гэсэн заалтыг дэмжиж болохгүй гэж үзсэн. Тийм учраас энэ заалтыг хэлэлцсэний дараа хасъя гэдэг дээр тогтсон.
3.13-т “УИХ-аас баталсан хөгжлийн төслийн жагсаалтад орсон төсөл, арга хэмжээнд шаардлагатай санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж санхүүжүүлэх бол энэ хуулийг дагаж мөрдөхгүй” гэсэн заалт байгаа. Эдгээр заалтуудыг ажлын хэсгийн түвшинд хасаж, бусад найман заалтыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн байгаа. УИХ дээр хэлэлцэх эсэхийг шийдээд, Төсвийн байнгын хороон дээр Ажлын хэсэг гарах нь зүйтэй гэж үзсэн.
Хоёрдугаарт, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан. Энэ хууль бол дөрвөн том өөрчлөлттэй. Гишүүдийн зүгээс хоёр заалтад анхаарал хандуулж байгаагийн нэг нь “Төрийн албанд шалгалт өгөөгүй иргэнийг төрийн албанд нэг жилийн хугацаатай гэрээгээр авч ажиллуулж болно” гэдэг заалтыг шүүмжилсэн. Хоёр дахь нь, “НҮБ болон олон улсын байгууллагад ажиллаж байсан хүнийг төрийн албанд шууд ажиллуулж болно” гэсэн заалт байсныг ерөнхийд нь дэмжихгүй гэсэн. Харин хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдье, харин ажлын хэсэг гаргаж, энэ хоёр заалтыг хуульчлан найруулах, заримыг нь хасах нь зүйтэй гэж гишүүд үзсэн.
Гуравдугаарт, Засгийн газраас өргөн барьсан Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэрийн хувьчлалыг хүчингүй болгох тухай тогтоолын төслийг хэлэлцээд хэлэлцэх эсэхийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Тэгээд ажлын хэсэг гарч, үүсэж болох үр дагаврын талаар тогтоолын төсөлд тусгах нь зөв гэж үзлээ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.