ОХУ Украинд түрэмгийлснээс хойш Ерөнхийлөгч Владимир Путин Барууныг дэмжигч оросуудыг ширүүнээр шүүмжилсээр ирсэн бөгөөд Европын хоол хүнс, уур амьсгалд татагдсан "тэдний сэтгэлгээ манай ард түмэнтэй биш, харин тэнд байгаа" хэмээн буруушаасан билээ.
Гэвч түүний бага охин Катерина Тихонова 2017-2019 оны хооронд Германы өмнөд хэсэгт орших Мюнхен рүү "50 гаруй удаа" ниссэн нь Оросын "iStories" хараат бус агентлаг болон Германы "Der Spiegel" сэтгүүлийн хамтарсан эрэн сурвалжлах багийн судалгаагаар тогтоогджээ. Сэтгүүлчдийн олж авсан нислэгийн бүртгэлүүдээс харахад, Тихоновагийн Баруун Европт оршин суух хүсэл эрмэлзэл нь Путины буруушаасан олигархи "урвагч нар"-ын үйлдэлтэй адил байгаа аж.
35 настай Тихонова нь төрийн бүрэн дэмжлэгтэйгээр, тусгай нислэгүүдээр ниссэн бөгөөд Ерөнхийлөгч Путины хамгаалалтын албаны ажилтнуудын хамт зорчиж байжээ. 2020 оны хавар Москва, Мюнхений хооронд үйлдсэн хэд хэдэн нислэгтэй холбоотой баримтуудын дунд мөн хоёр настай охин болон Игорь Зеленский гэх эрэгтэйн гадаад паспортууд байсан аж.
Мюнхений "Bayerisches Staatsballett" балетын компанийн найруулагч асан Игорь Зеленский нь Тихоновагийн хамтрагч гэж сэтгүүлчид таамаглаж байна. 52 настай Зеленский нь Владимир Путины Украин дахь түрэмгийллийг буруушаах уриалгад хариу өгөөгүйн улмаас өнгөрөгч 4 дүгээр сарын 4-нд "хувийн шалтгаанаар" ажлаа өгсөн юм.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.