Соёлын яамны 2021 оны үйл ажиллагаанд Үндэсний аудитын газраас шалгалт хийхэд 19 сая төгрөгөөр тайлант оны видео контент бэлтгэсэн, Төсвийн тухай хууль зөрчин 39 сая төгрөгөөр засвар хийсэн зөрчлүүд илэрчээ.
Дэлгэрэнгүй өгүүлбэл, Соёлын яам нь 2021 оны үйл ажиллагааны тайлангаа видео контент хэлбэрээр хийсэн бөгөөд үүндээ 19 сая төгрөг зарцуулжээ. Энэ нь Засгийн газрын 2021 оны 43 дугаар тогтоолын 1.7 "Хууль тогтоомж, Засгийн газрын албан ёсны шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт, цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлан таниулахаас бусад зорилгоор байгууллага, хамт олныг сурталчлах, салбарын болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэвтрүүлэг, контент, баримтат болон цуврал кино зэргийг санхүүжүүлэхгүй байх", мөн тогтоолын 1.3 "төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж, орон тоо, чиг үүргийн давхардлыг арилгаж, төсөв, зардлыг хэмнэсэн байхаар шинэчлэх, удирдлагын цалин хөлсийг орлого, үр ашигтай нь уялдуулан, үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, түвшин зэргийг харгалзан нэг хэлбэр, нийтлэг жишгээр ангилан тогтоодог зарчимд шилжих, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал, урамшуулал олгохгүй байх, зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгал (цүнх, календарь, мэндчилгээ г.м)-ын зардлыг гаргахгүй байх", мөн хуулийн 1.5 "салбарын хэмжээнд хийх сургалт, семинар, хурал, зөвлөгөөн болон газар дээрх хяналт-шалгалт зэргийг цахим хэлбэрээр зохион байгуулж, сургалт, семинар, хурал, зөвлөгөөн зэрэг арга хэмжээний болон дотоод албан томилолтын зардлыг хэмнэх" гэж заасныг тус тус зөрчжээ.
Мөн, Соёлын яам нь Төсвийн тухай хууль зөрчин 39 сая төгрөгөөр байрандаа засвар хийжээ. Тухайлбал, яамны барилгын шат болон коридорт хивс дэвсэхэд 11 сая 573 мянга, зоорины давхрын өрөөг дахин засварлахад 18 сая 809 мянга, архив болон цайны өрөө засварлахад 8 сая 933 мянга, нийт 39,316.1 мянган төгрөгийн урсгал засвар хийжээ. Үүнийгээ зардлын ангилал зөрчин, нийтлэг ажил, үйлчилгээний төлбөр хураамж зардлаас санхүүжүүлсэн нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 "батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах" гэж заасныг хэрэгжүүлж ажиллаагүй гэж Үндэсний аудитын газраас тогтоож, зөрчлийг засах хугацаатай үүрэг хүлээлгэсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.