Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа:
-Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын нийтийн тээвэртэй холбоотой 2024 он хүртэл хэрэгжих төлөвлөгөөний талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар танилцууллаа. 2024 он хүртэл нийтийн тээврийн парк шинэчлэлийг 100 хувь хийж гүйцэтгэх үүргийг Ерөнхий сайд өглөө. Мөн хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстолоос сэргийлэх арга хэмжээний талаар мэдээллийг сонссон. Зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг импортын татвараас чөлөөлөх шийдвэр гарлаа. Тавдугаар сараас цахим багц хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд дагалдах журмыг баталлаа гэлээ.
Д.Сумъяабазар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч:
-Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар төр, хувийн хэвшлийн 1200 орчим нийтийн тээвэр хөдөлгөөнд оролцож байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд энэ оны сүүлээр ашиглалтаас хасагдах тээврийн хэрэгслийн тоо 975 байна. Парк шинэчлэлийн хүрээнд энэ жил 591 автобусыг төр, хувийн хэвшлийн хүрээнд худалдан авахаар бэлдсэн. Тодорхой зээлийн эх үүсвэртэйгээр хоёр жилийн хугацаанд төлж барагдуулна. 40 орчим сая долларын зээлийн эх үүсвэрийг ашиглалтаар төлж дуусахаар санхүүгийн схем гаргасан. 2023 онд 299 автобус, 2024 онд 86 автобусыг шинэчилнэ гэж төлөвлөж байна. Хятадын хөгжлийн банк, дотоодын Худалдаа хөгжлийн банкны санхүүжилтээр нийтийн тээврийн асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөж байна.
Нийт 975 орчим нийтийн тээврийг шинэчлэх шаардлагатай байгаа. Үүнээс 591 ширхэгийг нь наймдугаар сарын 20-ны дотор татан авах үүргийг холбогдох албаныханд өгсөн. Улаанбаатар хот метротой болохгүй 2024 онд нийслэл тэг зогсолт хийнэ. Үүнээс урьдчилан сэргийлэх аргыг одооноос төлөвлөж арга хэмжээг авч ажиллахаас өөр гарц байхгүй. Замын хураамж, зогсоолын асуудал, автомашины бүртгэлийн асуудлыг хийх зайлшгүй шаардлагатай гэж харж байна. Дагуул хот болон дэд төвүүдээ тойрог хурдны замаар хангаж байж төвийн замын нягтралыг бууруулж чадна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.