Япон улс энэ сараас хязгаарлагдмал багц аялал хэлбэрийн "туршилтын аялал жуулчлал"-ыг эхлүүлж, улмаар гадаадын жуулчдад хилээ бүрэн нээхээр бэлдэж байна.
Аялал жуулчлал нь Японы эдийн засгийн гол тулгуур хэдий ч коронавирусийн цар тахлын улмаас 2020 онд хилийн хатуу хязгаарлалт тогтоож, жуулчдыг нэвтрүүлэхгүй байгаа билээ. Одоогийн байдлаар энэхүү хязгаарлалтыг бага зэрэг сулруулж, оюутан болон бизнесийн зарим аялагчийг хүлээж авч эхэлсэн ч жуулчдыг тус улсын хилээр нэвтрэхийг хориглосон хэвээр байгаа юм.
Тэгвэл Японы Аялал жуулчлалын агентлаг энэ сарын сүүлээс эхлэн жижиг бүлгийн аяллуудыг зөвшөөрөх бөгөөд энэхүү "туршилт"-аар дамжуулан аялал жуулчлалаа дахин сэргээх талаар мэдээлэл цуглуулна гэжээ. Үүний хүрээнд, АНУ, Австрали, Тайланд, Сингапурын жуулчдыг хүлээж авах бөгөөд тэд коронавирусийн эсрэг вакцины гурван тунд хамрагдсан байх шаардлагатай аж. Мөн эдгээр аяллыг аялал жуулчлалын агентлагуудтай хамтран нарийн төлөвлөх ба хөтөч нар жуулчдыг байнга дагалдан явах гэнэ.
Японы Ерөнхий сайд Фумио Кишида хилийн хяналтаа ирэх 6 дугаар сард бусад чинээлэг, ардчилсан оронтой адил түвшинд аваачна гэж энэ сарын эхээр мэдэгдсэн ч одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Тус улсад 2019 онд гадаадын 31.9 сая жуулчин нэвтэрсэн бөгөөд тэд 4.81 их наяд иен буюу 37.2 тэрбум ам.доллар зарцуулжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.