Сүүлийн 70 гаруй жилд тохиож байгаагүй эдийн засгийн хямралд нэрвэгдээд буй Шри Ланкийн шатахууны нөөц нэг өдрийн дараа дуусна гэж тус улсын шинэ Ерөнхий сайд Ранил Викремесингхе мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Ерөнхий сайдаар томилогдсон ноён Викремесингхе "Одоогийн байдлаар бид ганцхан өдрийн шатахууны нөөцтэй байна. Ирэх хэдэн сар нь бидний амьдралын хамгийн хэцүү үе байх болно" хэмээсэн байна. Гэхдээ Энэтхэгээс зээлийн шугамаар бензин, дизель түлш оруулж ирэн, ойрын хэдэн хоногт шатахууны нийлүүлэлтийг хангах боломжтой гэж тэрээр тэмдэглэсэн юм.
Түүнчлэн тус улсад зайлшгүй шаардлагатай импортын төлбөрийг төлөхийн тулд 75 сая ам.долларын гадаад валют яаралтай хэрэгтэй байгаа аж. Төрийн албаны ажилтнуудын цалинг өгөхийн тулд Төв банкийг мөнгө хэвлэхийг тушаасан Ерөнхий сайд Викремесингхе улсынхаа эдийн засгийг тогтворжуулах хүчин чармайлтын хүрээнд төрийн өмчит Шри Ланкийн агаарын тээврийн компанийг зарахыг санал болгожээ. Тус компани нь 2021 онд 45 тэрбум Шри Ланкийн рупи буюу 129.5 сая ам.долларын алдагдалтай ажилласан байна.
Шри Ланкийн эдийн засгийн хямрал "сайжрахаасаа өмнө улам дордох болно" хэмээсэн Ранил Викремесингхе тус улсын айл өрхүүдийг өдөрт гурван хоолоор хангахаа амласан бөгөөд дэлхийн улс орнуудаас санхүүгийн тусламж хүссэн юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Орос.хятад 2 хөршөө муулаад бай.удахгүй бид та нартай адил болно