СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монгол Улс салбар бүрт инновацийг нэвтрүүлэхийг зорьж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

“Инноваци гэж шинэ бас шинэчилсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, технологийн үйл явцыг боловсронгүй болгох, нийгмийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр явуулж буй үйл ажиллагааны эцсийн үр дүн” гэж Фраскатын удирдамжид тодорхойлсон байдаг.

Товчоор шинэ бүтээмж, шинэ санаа хэмээн ойлгож болно. Үйлдвэрлэл, үйлчилгээ, төрийн удирдлагын салбарт дэвшилтэт үр нөлөө авчирах шинэ буюу шинэчлэгдсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ технологийн үйл явц, мөн удирдлага, зохион байгуулалт, санхүү, эдийн засгийн болон бусад шийдэл инновацийн үр нөлөө юм.

Үүнийг тайлбарласан нь “Монголын инновацийн 7-хоног” арга хэмжээ “Шинэ сэргэлтийн нээлттэй инноваци” уриан дор өчигдөр эхэлсэнтэй холбоотой. Энэ арга хэмжээ Монгол Улсын нийгэм-эдийн засгийн бүх хүрээнд инновацийн талаарх ойлголт, мэдлэгийг түгээх, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлж, инновацийн олон талт түншлэлийг өргөжүүлэх, чадавхыг бүрдүүлэх замаар нээлттэй инновацийн тогтолцоог хөгжүүлэх зорилготой юм.

Энэ талаар БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох

“Эдийн засгийн өсөлт инновацитай шууд холбоотой байдаг. Дэлхий хурдацтай хөгжиж байгаа энэ цаг үед инноваци нь улс орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд чухал байр суурийг эзэлж байна. Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас 14 дэх жилдээ дэлхийн инновацийн үнэлгээ гаргажээ. Монгол Улс 2011 онд энэ үнэлгээгээр 125 орноос 68 дугаарт жагсаж байсан бол 2021 онд 132 орноос 58 дугаар байрт жагслаа. Энэ нь жилд нэг эрэмбээр урагшилж байгааг харуулж байна. Бүтээлч үйлдвэрлэлийн үзүүлэлтээр  28 дугаар байрт орсон байна.  Өмнөх жилүүдэд зөвхөн мэдлэг бий болгодог буюу эрдэм шинжилгээний хурлуудыг хийдэг байв. Харин энэ жилийн инновацийн долоо хоногийн  онцлог нь аж үйлдвэр, хувийн хэвшил, иргэд, ТББ гэсэн олон талын төлөөллийг оролцуулан төрийн захиргааны олон байгууллагатай хамтран зохион байгуулж байна” гэв.

ГҮҮНИЙ СААМ, ИНГЭНИЙ ХООРМОГИЙГ ХУУРАЙШУУЛЖЭЭ

 “Хуурайшуулсан ингэний хоормог”, “Ямааны хуурай сүү”, “Кальцижуулсан Монгол давс”-ыг эгнүүлэн тавьсан асар нүдэнд туслаа. Ингэний хоормог, сүүг шингэнээр нь хэрэглэж байснаас нунтаг, хуурай болгон зөөвөрлөж, ашиглаж болдог тухай мэддэггүй байв. Тэгвэл ШУА-ийн Технологийн инкубаторийн  эрдэмтэд шинэ технологи ашиглан эдгээр үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг гарган авч, хэрэглэгчдэд хүргэжээ.

ШУА-ийн Технологийн инкубатор нь шинэ мэдлэг, үйлчилгээ бий болгох, шинжлэх ухаан, технологид суурилсан бизнесийг хөгжүүлэхээр үйл ажиллагаа явуулдаг эрдэм шинжилгээ, туршилт үйлдвэрлэлийн байгууллага юм. Тус төвийн судлаачид Монгол орны эмийн ургамал, жимс жимсгэний нөөц баялаг, мал аж ахуйн гаралтай түүхий эдэд тулгуурлан шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэн, хэрэглээнд нэвтрүүлж байна.

Тухайлбал, зөгийн балтай цай, ясны шөлний ванны бөмбөлөг, нүүр, биеийн тос, эко чихэр, чацарганы тос, био бордоо гэсэн олон төрлийн байгаль болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэжээ.

Гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлийг гадаадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд эзэлсэн цаг үед байгалийн цэвэр бодисыг ашигласан монгол тос, гуужуулагчийг гарган авсан нь нэгэн ололт юм. Хуурайшуулсан ингэний хоормог, ямааны сүү, гүүний саамны тухайд авч явах, ашиглах, хадгалахад хялбар юм. Энэ бол яахын аргагүй инноваци мөн. Ингэний хоормог нь хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг сэргээн идэвхжүүлж, тамир тэнхээг сайжруулдаг төдийгүй элэг, цөс, бөөрний ужиг өвчнийг эмчилдэг учир эрэлт ихтэй байдаг аж.

Айл өрхийн өдөр тутмын хэрэглээ болсон давсыг гэхэд хэд хэдэн төрлөөр нь эх орондоо үйлдвэрлэж болж байгааг шинэлэг гарааны бизнес, инновацийн бүтээгдэхүүнийг танилцуулах үзэсгэлэн баталлаа.

ГАЗАР ХӨДЛӨЛТӨӨС СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛД НЭВТРҮҮЛСЭН ИННОВАЦИУД

ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн инженер А.Нармандах, А.Энхтүвшин нар газар хөдлөлт бүртгэх станцын хэвийн ажиллагааны хяналтын систем, газар хөдлөлийн аюулыг амжиж анхааруулах системийн ажиллагааг шалгах төхөөрөмжүүд хийснээ үзэсгэлэнд дэлгэжээ.

Газар хөдлөлт бүртгэх станцуудын хэвийн ажиллагааг зайнаас тасралтгүй хянах боломжтой болсноор шаардлагатай үйлдлүүдийг хүний оролцоогүйгээр бие даан хийж, цаг хугацаа, мөнгө санхүүг хэмнэсэн байна.

Манай улсад ажиллаж байгаа газар хөдлөлт бүртгэх станцууд нь газар дор 2-3 метр гүн нүхэнд байрладаг. Тиймээс ус нэвчих, зөвшөөрөлгүй нэвтрэх, эвдрэх, тэжээлийн системд доголдол үүсэх асуудлаас болж станцын хэвийн ажиллагааны горим алдагддаг байна.

Энэ тухай Одон орон геофизикийн хүрээлэнгийн инженер А.Нармандах

“Газар хөдлөлтийн багажаа хүнгүй, зэлүүд газар байрлуулдаг. Үүнээс үүдэн хулгайд алдагдах, газар доорх төхөөрөмж усанд автах, хүмүүс эвдэх тохиолдол гарч байсан. Бидний бүтээсэн систем хулгайн дохиолол буюу хамгаалалтын систем ажиллуулж, анхааруулах мэдээг олон сувгаар холбогдох ажилтанд өгөх, станцын хэвийн ажиллагааг тодорхойлон зарим асуудлыг шийдвэрлэх, техникийн өгөгдөл цуглуулах гэсэн үндсэн дөрвөн чиг үүрэгтэйгээр ажилладаг техник ба программ хангамжаас бүрдсэн цогц систем юм. 2018 оноос хойш туршиж байгаад өнгөрсөн жилээс  суурилуулж эхлээд байна” гэж ярилаа.

Монгол Улсад газар хөдлөлийн гамшгаас амжиж анхааруулах системийн хэвийн байдлыг шалгахдаа жил бүр симулятор буюу программ хангамжийг ашигладаг байсан. Энэ нь хангалттай биш учир “shaking table” ашиглах нь оновчтой гэж үзжээ. Өгсөн зааврын дагуу, зохиомлоор чичирхийлэл үүсгэх зориулалт бүхий нэг, хоёр эсвэл гурван тэнхлэгт чөлөөтэй хөдөлж чадахуйц туршилтын тавцанг “shaking table” хэмээн нэрлэдэг аж. Энэ төхөөрөмжийг инженер А.Нармандах, А.Энхтүвшин нар бүтээсэн юм. Үүнээс гадна газар хөдлөлтийг мэдээлэх системийг өргөжүүлэхээс эхлээд газар хөдлөлтийн эрсдэлээс сэргийлэх арга замыг сайжруулах олон төрлийн шинэ тоног төхөөрөмж, программыг хэрэглээнд нэвтрүүлэн ашиглаж байна.

ЖИМСНИЙ ГЕНИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ШАЛГАХ ТӨХӨӨРӨМЖ БҮТЭЭЖЭЭ

МУБИС-ийн багш нарын бүтээсэн сургалтын хэрэглэгдэхүүнд нэвтрүүлсэн  инновациуд шинэ санаа, шилдэг бүтээлүүдийг харууллаа. Тус сургуулийн тухайд оюутнууд дүн, сургуулийн тодорхойлолтыг хэвлэж авах боломжтой “Ухаалаг түц”-нээс эхлээд олон ухаалаг төхөөрөмжийг хэрэглээнд нэвтрүүлэн хүн хүчний нөөц, цагийг хэмнэн ажилладаг юм.

Тухайлбал, жимс ногооны бүтээгдэхүүний генийн өөрчлөлттэй эсэхийг шалгах төхөөрөмжийг МУБИС-ийн Биологийн тэнхимийн доктор Э.Занабазар, М.Мөнхбаатар нар бүтээжээ. Энэ төхөөрөмжөө Бээжин хотын Жонггуанцунь шинжлэх ухаан технологийн бүсэд байрладаг “Beijing Genedra Bio” компанийн молекуль биологийн лабораторит хүнсний ногоон дээр туршиж баталгаажуулсан байна. Дэлхийн жишиг  генийн өөрчлөлттэй ургамлыг илрүүлэх молекуль биологийн оношлуурын арга зүй дээр суурилж өөрийн арга зүйг боловсруулсан аж.

“Монголын инновацийн 7-хоног” арга хэмжээний хүрээнд инновацийн бүтээгдэхүүн, шинэ бүтээл, технологийн танилцуулга, олон улсын болон үндэсний хэмжээний эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал, гарааны компани болон хөрөнгө оруулагч нарын уулзалт хэлэлцүүлэг нэгдсэн хөтөлбөрийн дагуу болно.

Тус арга хэмжээнд АШУҮИС-ийн бүрэлдэхүүний сургууль, эмнэлэг, хүрээлэн, гарааны компанийн эрдэмтэн судлаачид, багш нар, ахисан түвшний болон бакалаврын оюутнууд эрүүл мэнд, анагаах ухаан, биотехнологийн салбарт бий болгосон болон шинээр санаачилсан бүтээл, инновацийн бүтээгдэхүүн, шинэ технологийн танилцуулга хийж, шинээр байгууласан судалгааны хүрээлэнгүүдийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 98 (6830)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.