СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-16

🔴 LIVE: Орон сууцны хороолол дундах орц, гарц хаасан хашаа, хайсыг буулгаж, цэгцэлнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Хурлаар хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, явган хүний замын тэмдэглэгээ, орц, гарц, сургууль орчмын хурд сааруулагч, хүүхдийн тоглоомын талбайг засаж сэлбэх, ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх талаар хийж буй ажлуудын талаар дүүргийн удирдлагууд мэдээлэл өглөө.

Өмнөх шуурхай зөвлөгөөнөөс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 11 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 80.8 хувьтай байв. Тухайлбал, хөрөнгө оруулалтаар хэрэгжих ажлуудын газар чөлөөлтийг эрчимжүүлэх үүрэг өгсөн. 2021-2022 он дамжин хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын ажлын 59 байршилд газар чөлөөлж байгаагаас 19-ийнх нь газар чөлөөлөлт бүрэн дуусаж, дуусах шатандаа орсон 10 байршил байна. Харин 2022 онд хэрэгжих хөрөнгө оруулалтын ажлаас 62 байршилд газар чөлөөлөхөөс 12 нь бүрэн дуусжээ.

Нийслэлд худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг орчныхоо 50 метр хүртэлх талбайн өнгө үзэмжийг сэргээх, цэвэрлэх ажлуудыг тогтмол зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж, 1092 аж ахуйн нэгжийн 1700 гаруй ажилтан хамрагдаж, байгууллагынхаа ойр орчмыг цэвэрлэж, 105 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хаяжээ. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, мод тарих, ургуулах, төгөлжүүлэх, арчлах, зүлэгжүүлэх, харшлаас сэргийлж хогийн ургамлыг устгах, модны хөвөн хийсэхээс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулах үүрэг өгсөн. Тэгвэл 77 га талбайд цэвэрлэгээ, ургамалжуулах ажил хийжээ. Мөн Хот тохижилтын газар 52.9 га талбайн арчилгаа, цэвэрлэгээг хийв.

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх инженерийн болон гүний, гадаргын усны өнөөгийн байдал, хэрэглээ, хангамжийн талаар Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын Ц.Төрхүүгээс тодрууллаа. Тэрбээр “Улаанбаатар хотын иргэдийн хоногийн усны хэрэглээ 160-170 мянган метр куб байна. Саарал усыг ашиглаж байгаа томоохон нэг л байгууллага бий. Машин угаалгын 134 аж ахуйн нэгж, иргэн байгаагаас 34 нь ус ашиглах нацос, тоног төхөөрөмж суурилуулсан. Манай байгууллагын зүгээс дээрх 134 байгууллагад саарал ус хэрэглэх шаардлага тавьж байна. Хил хаасантай холбоотойгоор тоног төхөөрөмжөө авч чадахгүй байгаа гэдэг тайлбар хэлж байгаа” гэлээ. Хотын дарга дээрх асуудлыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар танилцуулж, шаардлагатай бол журам гаргах эсэхийг судлахаар болов.

Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, худалдаа, үйлчилгээ чөлөөтэй эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн зам талбайд “Амралтын өдрийн худалдаа’’ зохион байгуулж байгаа. Дүүргүүдийн удирдлагууд “Амралтын өдрийн худалдаа”-г тогтмол зохион байгуулж байгааг хэлж байлаа. Мөн Төмөр замын 1000 машины зогсоол дээр хүнсний ногооны худалдаа зохион байгуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам, талбайд хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлагыг хангасан хоол, хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэх боломж олгон, дэмжиж ажиллах ажлын талаар Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам “Түргэн хоолны цэг байгуулахтай холбоотой Монгол Улсад мөрдөж байгаа гурван стандарт бий. Бид эдгээр стандартын талаар аж ахуйн нэгжид заавар, зөвлөгөө өгч, зөвлөн туслах боломжтой. Түргэн хоолны цэгийг гудамж, талбайд ажиллуулах талаар төрийн бус байгууллагуудтай уулзаж, стандарт батлах талаар ажиллаж байгаа” хэмээв. Хотын дарга эрүүл ахуйн шаардлага хангасан аж ахуйн нэгж, иргэдийг дэмжиж ажиллаарай гэсэн юм.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө. Тухайлбал,

- Нийслэлд авто зам болон инженерийн шугам сүлжээний засварын ажлууд эхэлсэнтэй холбогдуулан тухайн орчны зам талбайн хөдөлмөр аюулгүй байдал, замын хөдөлгөөний зохицуулалт, аюулгүй байдлыг сайтар хангаж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
- Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам, талбайд хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлагыг хангасан хоол, хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэх боломж олгон, бүх талаар нь дэмжлэг үзүүлж ажиллах.
- Нийслэлд худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг орчныхоо 50 метр хүртэлх талбайн өнгө үзэмжийг сэргээх, цэвэрлэх ажлаа эрчимжүүлж ажиллах.
- Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас СӨХ-ны дээд зөвлөлтэй хамтран дараах чиглэл хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. 
- Орчны эрүүл ахуй, ариун цэвэр, хог цэвэрлэгээ, тээвэрлэлт, тохижилтын ажлуудыг зохион байгуулах.
- Хороодын Засаг дарга нар нутаг дэвсгэрийнхээ нийтийн эзэмшлийн газар, зам талбайн, орчны эрүүл ахуй, хог хаягдал, ариун цэврийн байдалд хяналт тавих, иргэдийн оролцоог хангах ажлуудаа эрчимжүүлж, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллах.
- Хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор цахилгааны ил гарсан утас, ухсан нүх, явган хүний замын тэмдэглэгээ, орц гарц, сургууль орчмын хурд сааруулагчийг засаж сайжруулах, стандартад нийцүүлэх, хүүхдийн тоглоомын талбайг засаж сэлбэх, эзэнгүй нохой, мууранд хазуулахаас урьдчилан сэргийлэх ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах.
- Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээ, “Улаанбаатар Марафон 2022” олон улсын гүйлтийг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан байгууллагууд хариуцсан чиг үүргийн ажлаа богино хугацаанд эрчимтэй зохион байгуулж, нэгдсэн арга хэмжээний бэлтгэл ажлаа сайтар хангаж ажиллах.
- Иргэд олон нийтийн амгалан тайван байдал, нийгмийн хэв журам, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг ханган, хяналт тавьж ажиллах.
- Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг бүх талаас нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгч ажиллахыг тус тус үүрэг болгов.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.