Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих "Эко – Эрүүл дүүрэг" үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Хан-Уул дүүргийн хэмжээнд хаврын мод тарих "Ногоон хот-Иргэний оролцоо" аян нээлтээ хийжээ.
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд тус дүүргийн 14 дүгээр хороо буюу хурдны зам дагуу Айцын амны уулын энгэрийг ойжуулах ажлыг өнөөдөр эхлүүлж, нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Г.Амартүшин, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Г.Батсайхан болон нийслэл, дүүргийн төлөөлөгчид, төр захиргааны байгууллагуудын ажилтан, албан хаагчид, иргэд оролцож, тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдсэн юм.
Тус арга хэмжээнд нийслэлийн төр захиргааны байгууллага, дүүргийн нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгж байгууллагууд хамтран 7га талбайд 3,900 гаруй мод тарьж, ОЙН ТӨГӨЛ байгуулах ажлын эхлэл тавигдсан байна.
Айцын амны 100га талбайг Хан-Уул дүүрэг нийслэл, дүүргийн төр захиргааны байгууллага, дүүргийн нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн оролцоотойгоор ойжуулан ОЙН ТӨГӨЛ байгуулах ажлыг үе шаттай зохион байгууллах бөгөөд дүүргийн зүгээс арчлан, хамгаалах, ургуулах тал дээр онцгой анхааран ажиллана.
Мөн гэр хороололын айл өрхүүдийн хашаанд мод тарих, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг зүлэгжүүлэх, дүүргийн нутаг дэвсгэрийн цэцэрлэгт хүрээлэнгүүдэд цэцгийн мандал байгуулах зэрэг ажлаар үргэлжлэх бөгөөд мэргэжлийн 40 гаруй сургагч багш нар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, модыг арчилж ургуулах тал дээр хяналт тавин ажиллах юм.
Улс орон даяар өрнөж буй уг арга хэмжээнд Эко дүүргийн иргэн бүр мод тарьж, ногоон орчныг хамтдаа бий болгоцгооё хэмээн Хан-Уул дүүргээс уриаллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.