Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй "Нийтийн хөл бөмбөг" хөтөлбөрийн хүрээн дэх "UB cup 2022" хөлбөмбөгийн тэмцээний нээлт өнөөдөр Сүхбаатарын талбайд болжээ. Нийслэлийн дүүргүүдийн аваргыг шалгаруулах тус тэмцээн энэ сарын 8-наас эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар шилдэг дөрвөн баг шалгарч үлдсэн байна.
Нийтийн эрүүл мэндэд анхаарч, хөлбөмбөгийн спортыг олон нийтэд сурталчлах зорилгоор энэхүү хөтөлбөр жил бүр хэрэгжих юм.
Тэмцээнийг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хөлбөмбөгийн спорт нь олимпын наадмын адил хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болдог, хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй "хаан спорт" гэдгийг онцолжээ. Мөн нийслэлийн удирдлагууд энэхүү арга хэмжээг дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлсэн аж.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Улаанбаатар хотод улсын хүн амын тал хувь нь ажиллаж, амьдардаг. Нийслэлийн зүгээс олон нийтийг хамарсан спортын үйл ажиллагааг зохион байгуулахад анхаарч, бодлогоороо дэмжин ажиллаж байгаа. Иргэд ногоон байгууламж, спортын арга хэмжээ зохион байгуулж, чөлөөт цагаа зохистой өнгөрүүлэх талбайтай болохыг хүсэж байна. Тиймээс НЗДТГ-ын зүгээс есөн дүүргийн 16 байршилд ногоон байгууламж бүхий талбай байгуулах ажлыг бодлогодоо тусган, хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа" хэмээсэн юм.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө "Хөлбөмбөгийн спортыг сурталчлан таниулах, хүүхэд залуучуудыг бие бялдрын хувьд хөгжүүлэх зорилготойгоор энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Цаашид хүүхэд залуучуудын чөлөөт цагт зориулсан олон арга хэмжээг төлөвлөж байгаа" гэжээ.
Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар "Монголын үндэсний эрэгтэй шигшээ баг энэ 6 дугаар сард Азийн аваргын бүсийн тэмцээнд тоглоно. Манай улс Палестин, Йемен, Филиппин улсын шигшээ багууд бүхий нэг бүсийг хариуцан зохион байгуулна. Харин үндэсний эмэгтэй шигшээ баг Европын хөлбөмбөгийн холбооны төслийн хүрээнд гадаадын багуудтай тоглоно" гэдгийг дурдсан байна.
"UB cup 2022" тэмцээний шигшээ тоглолтууд энэ сарын 18-нд Сүхбаатарын талбайд болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.